ҮСХ, БНСУ-ын Статистикийн газрын төлөөлөл цахимаар уулзан туршлага хуваалцав
Үндэсний статистикийн хороо нь БНСУ-ын Статистикийн газартай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хоёр талт цахим уулзалт зохион байгууллаа.
БНСУ-ын Статистикийн газрын дэд дарга Ким Гвансөг уулзалтыг нээж үг хэлэхдээ, хоёр улсын статистикийн байгууллага 2002 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хоёр талт уулзалтыг жил бүр зохион байгуулж, үр дүнтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.
Уулзалтаар Захиргааны мэдээллийн санг зохион байгуулах ба статистикт ашиглаж буй бодит жишээнүүдийн талаар харилцан туршлага солилцож байгаа аж.
Энэ үеэр ҮСХ-ны дарга Б.Батдаваа Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон, хоёр улсын харилцаа статистикийн салбарт өргөжин хөгжиж, 2022 онд 20 жилийн ой болох гэж буйг онцоллоо. Тэрбээр, БНСУ-ын Статистикийн газар нь Монгол Улсын статистикийн мэдээллийн тогтолцооны чадавхыг олон улсын жишигт хүргэх, мэдээлэл тархаалтыг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсанд талархаад, хоёр талт уулзалтыг анх удаа цахимаар зохион байгуулж, оролцогч талын хүрээг тэлж, үр өгөөжтэй болж байгааг дурдлаа.
Уулзалтаар Монгол Улсын Захиргааны мэдээллийн сан, бизнесийн статистик, хүн амын ердийн хөдөлгөөний статистикийн хэрэглээ, ашиглалт, БНСУ-ын Захиргааны мэдээллийн сангийн ашиглалт, захиргааны мэдээллийн санг ашиглан бизнесийн статистик боловсруулах, гэрлэлтийн статистик сэдвээр илтгэл хэлэлцүүлж, харилцан туршлага судалсан аж. Хоёр тал хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр талын 16 удаагийн уулзалт, сургалт амжилттай зохион байгуулжээ.
Цахим уулзалтад БНСУ-ын Статистикийн газрын дэд дарга Ким Гвансөг тэргүүтэй 12 төлөөлөгч, ҮСХ-ны дарга Б.Батдаваа тэргүүтэй 12 төлөөлөгч оролцож, харилцан туршлага солилцлоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.