Парисчууд Олимпын далбааг хүлээн авснаа тэмдэглэжээ
Токиогийн Олимпын наадмын хаалтын ёслолын үеэр Олимпын далбааг Франц улсад гардуулан өгсөнтэй холбогдуулан тус улсын олон мянган иргэн нийслэл Парис хотын талбайд ням гарагт цугларан баяраа тэмдэглэжээ.
Парис хотноо 2024 онд болох зуны Олимпын наадмыг зохион байгуулах урам зоригийг нэмэгдүүлэхийн төлөө Эйфелийн цамхгийн ойролцоо болсон үйл ажиллагаанд 6000 орчим хүн оролцсон байна.
Ийнхүү Токиогийн Олимпоос медаль хүртсэн Францын жүдоч Тедди Ринер тэргүүтэй бусад тамирчдыг танилцуулах үеэр цугласан иргэд тэдэнд алга ташин баяр хүргэжээ.
Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах зуны наадмыг зохион байгуулах дараагийн хот болох Парисын захирагч Анне Идалгод Олимпын далбааг дамжуулан өгсний дараа францчууд баярлаж буйгаа ийн илэрхийлжээ.
Парист болсон үйл ажиллагаанд оролцсон нэгэн үзэгч хэлэхдээ, Токиогийн Олимпын наадмыг танхимын үзэгчгүй зохион байгуулсанд япончууд сэтгэл дундуур байж магадгүй, гэхдээ тамирчдын мөрөөдөл биелсэн нь сайн хэрэг гэжээ.
Тэрбээр үргэлжлүүлэн, "Францчуудын хувьд 100 жилийн түүхэнд анх удаа Олимпын наадам зохион байгуулах гэж байна. Парисын зуны Олимпын наадам урьд урьдын наадмуудаас илүү гайхалтай болно гэж найдаж байна” хэмээн хэлэв.
“Коронавирусний халдварын тархалт буурч, тамирчид, үзэгчид гэх мэт бүх хүн Олимпын наадамд оролцох боломжтой болвол Франц Парисын Олимпын наадмаас ихээхэн ашиг хүртэнэ” гэж өөр нэгэн эмэгтэй ярьжээ.
Парисын зуны Олимпын наадмыг зохион байгуулагчид Эйфелийн цамхаг, Версалийн ордон гэх мэт жуулчдын очих дуртай газруудыг тэмцээн зохион байгуулах газар болгон ашиглах замаар зардлаа бууруулахаар төлөвлөж байгаа юм. Ингэснээр дэлхий дахин үзэсгэлэнт Парис хотын талаар илүү ихийг мэдэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.