Канад АНУ-ын иргэдэд хилээ нээлээ

Канад АНУ-ын иргэдэд хилээ нээлээ

Канад улс амрах, зугаалах, дэлгүүр худалдааны төвөөр үйлчлүүлэх зорилгоор хил давдаг Америкчуудад тавьсан хоригоо цуцалсан байна. Харин АНУ Канадын иргэдэд тавьсан хилийн хоригоо одоогоор цуцлаагүй байгаа аж.

АНУ-ын иргэд болон хууль ёсны оршин суугчдын аль аль нь Канадын хилийг давахдаа коронавирусний вакцинд бүрэн хамрагдсан, сүүлийн гурав хоногийн дотор өгсөн шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай юм байна. Мөн Канадын эрх баригчид хил нэвтрэгчдийн урт дарааллыг багасгахын тулд аюулгүй байдалдаа эрсдэл учруулахгүй байхыг анхааруулжээ.

Мөн хилээр нэвтрэх иргэд хилээр гарахаасаа өмнө тусгай програм дээр дэлгэрэнгүй анкет бөглөх юм байна. Даваа гарагт шинэ журмын дагуу иргэд хил давахдаа ойролцоогоор нэг цаг 30минут орчим хугацаа зарцуулжээ. Америк Канадын энэ хил нь дэлхийн хамгийн урт бөгөөд хамгийн их ачаалалтай байдаг хил юм.

Америк, Канадын  эрх баригчид цар тахлын халдварын тархалтыг зогсоохын тулд 2020 оны 3 дугаар сараас эхлэн хилээ хааж, онц чухал шаардлагагүй иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх журам мөрдөж ирсэн юм. Канадын хилийн бүсийн бизнес эрхлэгчид Америкчуудад хилээ нээсэнд баяртай байна. Харин Америкийн бизнес эрхлэгчид вакцинд бүрэн хамрагдсан Канадчуудад Вашингтон хилээ нээнэ гэж найдаж байна.

Одоогоор АНУ Канадын иргэдэд тавьсан хилийн хоригоо 8 дугаар сарын 21-нийг хүртэл сунгахаа мэдэгдээд байгаа юм. Гэхдээ Байдены засаг захиргаа тодорхой нөхцөлтэйгөөр хилээ нээх төлөвлөгөө боловсруулж байгаа юм байна. Гол нөхцөл нь АНУ-ыг зорьж ирж байгаа гаднын бүх иргэдийг коронавирусний эсрэг вакцинд бүрэн хамрагдсан байх шаардлага тавих аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.