Л.Оюун-Эрдэнэ: Хичээлийг хэвийн үргэлжлүүлэхэд эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал

Л.Оюун-Эрдэнэ: Хичээлийг хэвийн үргэлжлүүлэхэд эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцыг шалгах хүрээнд өнөөдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн ажилтай танилцлаа.

Тус сургуулийн шинэ барилгыг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн хүрээнд барьж, улсын комисс энэ оны хоёрдугаар сард хүлээн авсан юм. Тус сургуулийг тоног төхөөрөмжөөр тоноглосноос гадна тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурах боломжийг бүрдүүлснээрээ онцлог аж.

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын бүтээн байгуулалт, нөхцөл байдлын талаар мэдээлэв. Цэцэрлэг, бага ангийн хүүхэд гэрээсээ 500 метр, дунд ангийн сурагч 1.5 км, ахлах ангийн сурагч 3 км-ийн дотор боловсролын үйлчилгээ авах ёстой гэсэн олон улсын стандарт бий. Гэвч Монгол Улсад хамрах сурах тойрогт нь сургууль, цэцэрлэг байхгүй тул хотын нэг захаас нөгөө зах руу хүүхдээ зөөдөг байна. Энэ нь ч автозамын түгжрэлээс эхлээд олон асуудлын эхлэл болж байгаа аж.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, “Энэ жил Улаанбаатар хотын ерөнхий боловсролын бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллэх бэлтгэл ажлыг хангасан тул гурван ээлжээр хичээллэх сургууль байхгүй. Түүнчлэн энэ онд Улаанбаатар хотод цэцэрлэг, сургуулийн 110 төсөл хэрэгжиж байгаа. Цаашид сургуулиудаа нэг эсхүл 1.5 гэсэн ээлжит шилжүүлэхэд 990 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж харж байгаа. Монгол хамгийн үр ашиггүй төлөвлөлт бол дүүрэг, хороонд сургууль байгуулахдаа дандаа 1-12 жилийн сургалттай том цогцолбор барьдаг. Үүнээс гадна том төлөвлөлтгүй учраас газраа шийдэж чаддаггүй. Тухайлбал, 2021 онд барих зургаан сургууль газраа шийдэж чадаагүйн улмаас хойшлоод байгаа юм. Тиймээс яг хороо, суман дээр бага зардлаар бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, дунд-ахлах сургуулийн цогцолбор гэж зохион байгуулах нь илүү үр дүнтэй” гэлэээ.

Мөн тэрбээр, гэр хороололд том цэцэрлэг барих шаардлагагүй бөгөөд хоёр айлын газар худалдаж аваад, нэг тэрбум төгрөгт багтаагаад 50-100 хүүхдийн ортой цэцэрлэг барих загвар явна гэлээ. Түүнчлэн бага сургуулийг 4 айлын газрыг худалдаж аваад 2.2 тэрбум төгрөгөөр барих боломжтой бөгөөд энэ нь хамгийн зөв шийдэл гэж харж байгааг онцлов. Улмаар шинээр барьж буй хотхон, хорооллын орон сууцны нэг давхарыг цэцэрлэг, бага сургуулийн зориулалтаар ашиглах стандартыг батлахаар төлөвлөж байгаа аж. Үүнээс гадна шинээр сургууль цэцэрлэг барихдаа хүн амын өсөлт, инженерийн шугам сүлжээ, газар олголттой уялдуулдаг болохоор төлөвлөсөн гэдгийг БШУС-ын сайд Л.Энх-Амгалан онцоллоо.

Түүнчлэн БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир коронавирусний үед цэцэрлэг, сургуулийн хичээлийг эхлүүлэх үед хэрэгжүүлэх “5:9” стратегийг танилцууллаа.

Энэ хичээлийн жилд 718 817 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангид суралцана. Үүнээс нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тоо 81 000 байгаа бол 12 дугаар ангийг төгсөх хүүхэд 32 000 байгаа аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 12-15 насны хүүхдүүдийн 81.7 хувь нь коронавирусний нэгдүгээр тунд, 42 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан байна. Харин 16-17 насны хүүхдүүдийн 82.9 хувь нэг, 55 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ. Түүнчлэн нийт багш нарын 90 гаруй хувь нь нэг, хоёрдугаар тунд хамрагдсан байна.

Аймаг, сумын цэцэрлэг, сургуулиуд 100 хувь танхимаар хичээллэх бол нийслэлийн сургуулиуд УОК-ын Эрдэмтдийн багийн судалгааны дагуу “5:9” буюу таван өдөр хичээллээд дараа долоо хоногт нь гэрээсээ цахимаар хичээллэх юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд танхимаар хичээллэсэн үедээ эрсдэлд учирсан бол нууц үе өнгөрөөх, бусдад халдаах эрсдлийн үе нь гэртээ байх 9 хоногт өнгөрнө хэмээн тооцож байгаа аж. Гэхдээ энэ нь коронавирусний “Альфа” хувилбарын үед хэрэгжүүлэх стратеги бөгөөд “Дельта” хувилбар тархвал “4:10” гэсэн стратеги руу шилжих аж. Харин коронавирусний эрсдэл буурсан тохиолдолд энгийн горимд шилжүүлэх стратегийг боловсруулахаар төлөвлөсөн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Цар тахлын улмаас хүн төрлөхтөн хоёр жил хичээлийн шинэ жилээ эхлүүлж чадаагүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүүхдүүд хичээлийн хоцрогдолд цаг хугацаа байлаа. Гэхдээ вакцинжуулалтын ажлын үр дүн гарсан учраас энэ жил хичээлийн шинэ жилээ эхлүүлэх шийдвэр гаргасан. Хичээл сургуулийг цаашид үргэлжлүүлэхэд зөвхөн Засгийн газар, БШУСЯ-ны шийдвэрээс гадна эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал. Цаашдаа бид цар тахалд өвдөг сөгдөн бууж өгөх биш халдвар хамгааллын дэглэмээ сахиж, вакцинжуулалтад хамрагдаад дасан зохицож, хэвийн амьдралд шилжих зүг рүү хамт алхах цаг үе юм” гэлээ.

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд зочилж, “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгох бэлтгэл ажилтай танилцсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Л.Баттөр: Нийт халдварын 10 орчим хувьд нь дельта хувилбар байсан 2021-08-13

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суурьшлын бүсэд хортой могой орж ирж байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2021-08-13

Агаараас эрэн хайх аврах ангийн үйл ажиллагааг есдүгээр сард эхлүүлнэ 2021-08-13

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв 394 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна 2021-08-13

Г.Занданшатар Швейцарын хөгжлийн агентлагийн дарга хатагтай Стефани Бурритай өнөөдөр уулзлаа. 2021-08-13

Л.Оюун-Эрдэнэ: Хичээлийг хэвийн үргэлжлүүлэхэд эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал 2021-08-13

Хөшигийн хөндийг эдийн засгийн Чөлөөт бүс болгоно 2021-08-13

Швед Улсад Соёлын элчээр Л.Энхмэнд томилогдов 2021-08-14

Нийслэлд дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. 2021-08-14

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна 2021-08-14

Улаанбаатарт ажиллах шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд 2021-08-14