Унгар улсад монголчууд “Их хуралдай” наадам зохион байгуулав

Унгар улсад монголчууд “Их хуралдай” наадам зохион байгуулав

БНУУ-ын нийслэл Будапешт хотын ойролцоох Бугац тосгонд манай улсын ЭСЯ-наас нүүдэлчдийн уламжлалт “Их хуралдай” наадмыг “Өвөг дээдсийн өдөр” нэртэй зохион байгуулав. Нүүдэлчдийн гэдэг агуулгаар Европт хамгийн томд тооцогдсон уг наадамд тус тивийн олон улс орноос монголчууд болон бусад үндэстэн 200 мянган наадамчин оролцжээ. Энд Унгар улсын парламентын дэд дарга, Унгар улсын соёлын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга зэрэг олон хүн хүрэлцэн ирж, Монгол соёл, өв уламжлалтай танилцжээ. 

Наадмын үеэр ЭСЯ-наас монгол гэр барьж, язгуур урлагийн “Домог” хамтлаг урлагийн тоглолт үзүүлж, өв соёл, уламжлалт зан заншлаа сурталчилсан олон зүйлийг нийтэд толилуулжээ. Мөн наадамчид монгол хоолоо хийж зооглохын сацуу адуу мал бүхий орчинд хүүхэд, багачууддаа Монголынхоо тухай ярьж, таниулсан өргөн хүрээтэй үйл ажиллагаа болов. 

Наадмын гол онцлог нь Европын Шагайн харвааны Холбоотой хамтран зохион байгуулсан " Элчин сайдын цомын төлөө" шагайн харвааны тэмцээн байв. тус тэмцээнд цэц сорихоор Австри, ХБНГУ, Швед, Чех, Франц, Унгар зэрэг улсаас 10 баг тамирчин оролцжээ.

Монгол улсаас БНУУ-д суугаа бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр, “Өвөг дээдсээс эдүгээ цаг хүртэл уламжлан ирсэн өв соёл, уламжлал заншлаа сурталчлан, нүүдэлчин монголчуудын хойч үе одоо ч  онч мэргэн, хараа хурц гэдгээ гайхуулан Бугацын талд Монгол шагайн харвааны уухай цуурайг хадаалаа. Шагайн харвааны тэмцээн хамгийн өвөрмөц, жинхэнэ нүүдэлчин өв уламжлалыг харуулж чадсанаараа онцлог байлаа. Тиймдээ ч “Жинхэнэ ёсоор өв уламжлалаа хадгалж үлдсэн ард түмэн бол монголчууд юм байна” гэсэн үгийг олон дахин сонслоо. Монгол наадгай шагайн харваа нь эв нэгдлийг бэлэгдээд зогсохгүй, өнгөрсөн ирээдүй хоёрыг өнөөдөр хэмээх их цагт нэгтгэж чаддаг нүүдэлчин монголчууд бидний их спорт юм.

Хуралдайн үеэр олон арван хүндтэй зочид хүрэлцэн ирснээс хамгийн өвөрмөц нь Унгарын ардын дууны алдартай хамтлаг болох Кошшутын шагналт “Чик зенекар” хамтлагийн гишүүд байлаа. Хамтлагийн авъяаслаг гишүүдтэй урд нь тайзан дээр хамтран уран бүтээл хийж байсан бол энэ удаад тэдэнд сарны туяанд Монгол гэр дотор уртын дууны уянгат эгшиг, морин хуурын гайхамшигт аялгууг толилуулж хорвоод хосгүй Монгол хөөмийгөөр сонорыг мялаалаа. “Зуу сонсохоор нэг үз” гэж Монгол гэрт ийм сайхан сонсогдож байгаа юм чинь Монголын тал нутагт бүр сайхан сонсогдож таараа гэж бид ярилцсаар Монгол нутагт хамтарч тоглолт хийх талаар ярилцлаа” гэв. 

Мөн наадамд оролцсон хүмүүс, “Ийм наадмыг олон улсын болгож Монголдоо зохион байгуулдаг болбол гадаад орнуудаас нүүдэлчин угсааны болон бусад наадамчин олноор зорьж очих соёлын томоохон үйл ажиллагаа болох нь. Энэхүү үйл ажиллагааг өндөр ач холбогдол өгч зохион байгуулсан Элчин сайд З.Батбаярт талархаж байна. Эх орондоо харьж чадаагүй хүмүүс нутагтаа очсон мэт сэтгэл тэнийлээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.