Сан-Паулу хотын насанд хүрсэн бүх хүн вакцины эхний тунг хийлгээд байна
Бразилын хамгийн том хот болох Сан-Паулуд насанд хүрсэн бүх хүн коронавирусний эсрэг вакцины эхний тунг хийлгээд байна. Иймээс ч дархлаажуулалтын хөтөлбөрийг өргөжүүлж, өсвөр насныханд зориулсан тарилга эхэлжээ.
Лхагва гарагаас 16-17 насныхны вакцинжуулалт эхэлжээ. Тус хот нь 9.2 сая насанд хүрэгчтэй. Нийт насанд хүрэгчдийг вакцины эхний тунгийн тарилгад 100 хувь хамруулаад байгааг Сан-Паулу хотын албаныхан онцолсон байна. Сан-Паулуд дархлаажуулалтын үзүүлэлт ийм өндөр байгаагийн нэг шалтгаан нь вакцинжуулалтын төвийн хүртээмж гэж үзэж байна.
Тус хотод 600 гаруй дархлаажуулалтын төв үйл ажиллагаа явуулж байгаа юм. Гэхдээ Сан-Паулу хотын нийт насанд хүрэгчдийн 45 хүрэхгүй хувь бүрэн вакцинжуулалтад хамрагдсан. Энэ нь тийм ч хангалттай үзүүлэлт биш гэдгийг тус хотын албаныхан мөн давхар хэлж байна. Ямартай ч Бразилын хамгийн том хот насанд хүрсэн бүх иргэнээ вакцины эхний тунгийн тарилгад хамруулаад байгаатай зэрэгцэн халдварын эсрэг хязгаарлалтын арга хэмжээгээ суллаж эхэлжээ.
Сан-Паулу хотод зоогийн газар, баар, худалдааны төвүүд цагийн хязгаарлалтгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлжээ. Гэхдээ Бразил улс халдвар өндөртэй орнуудыг тэргүүлж байгаа юм. Тус улсад "Ковид-19" цар тахлаар өвчилж нас барсан хүний тоо 570 мянгад хүрээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.