АНУ өөрийн болон Афганистаны иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна.

АНУ өөрийн болон Афганистаны иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна.

АНУ болон бусад улс орнуудын Афганистанаас иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагаа уржигдар Катар дахь дамжин өнгөрөх баазын ачаалал хэтэрснээс түр саатсан.

Гэхдээ хэдэн цагийн дараа Афганистаны нийслэл Кабул хотын олон улсын нисэх буудлаас иргэдийг нүүлгэн шижлүүлэх ажиллагааг сэргээж, эрчимжүүлсэн гэж Пентагоноос мэдэгдсэн байна.

Цагаан ордны тэргүүн Афганаас иргэдээ татах ажиллагаа Катарын дэмжлэггүйгээр хэрэгжих боломжгүй байсан, олон мянган хүнийг аюулгүй эх орондоо ирэхэд нь дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа Катарын эмирт илэрхийлжээ.

Мөн тэрээр Кабулын нисэх буудлаас иргэдээ татаж байгаа үйл явцыг агаарын тээврийн түүхэн дэх хамгийн хүнд хэцүү ажиллагааны нэг гэж тодорхойлсон байна.

АНУ-ын зэвсэгт хүчин Афганистанаас 6 мянган явган цэрэг, иргэн гээд нийт 18 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Үүнээс 13 мянгыг нь наймдугаар сарын 14-нд Талибан хөдөлгөөн Кабулыг эзлэснээс хойш нүүлгэжээ. Америкийн арми өдөрт нүүлгэх хүний тоог 5-9 мянга болгож нэмэгдүүлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден “Бид цэргээ бүрэн гаргах хугацаа дуусахаас өмнө иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлэх болно. Манай улс Афганы иргэд АНУ-тай хамтран ажилласныхаа төлөө аюул эрсдэлд орж болзошгүй Афганчуудыг аюулгүй нүүлгэн шилжүүлэхийн төлөө бүх талын хүчин чармайлт гаргаж байна. Мөн эх орондоо эргэн ирэх хүсэлтэй бүх иргэнээ аюулгүй нүүлгэн шилжүүлэх болно” гэлээ. 

Одоогоор Талибан хөдөлгөөн улс орны эрх мэдлийг авч, шариатын хуулийн дагуу боловч нийгмийн зарим зүйлийг одоогийнхоор нь үргэлжлүүлэх бодлого явуулах, террорист үйл ажиллагаа явуулахгүй гэж амлаж байна. Гэвч тус улсын иргэд болон олон улс Афганы аюулгүй байдлын орчин хаашаа ч эргэж магадгүй гэж маш их болгоомжилж байна.

НҮБ-ын аюул заналхийллийн үнэлгээний тайланд Талибууд Америк, НАТО-той хамтран ажилласан Афганчуудыг айл, айлын хаалга тогшиж хайж байгаа нь өшөө авах айдсыг нэмэгдүүлж байна гэж дүгнэсэн байна.

Одоогоор АНУ, Британи, Герман, Австрали зэрэг орнууд өөрийн орны иргэдээ болон Афганы дайны үед хамтран ажилласан иргэд, дүрвэгчдийг нүүлгэн шилжүүлж байна. Харин Катарын Дохад Талибан болон бусад талууд Афганистаны байдлыг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.