ХХААХҮ-ийн сайд ургацаа бүрэн авахыг уриалав.

ХХААХҮ-ийн сайд ургацаа бүрэн авахыг уриалав.

Ургац хураалтад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ургац тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг цаг алдалгүй хийж эхэлжээ.

Мөн энэ 7 хоногт ургацын урьдчилсан баланс гарч, ирэх сарын 15-наас ургац хураалт эхэлнэ. Энэ хүртэл цаг агаарын эрсдэлээс урьдчилан сэргийлж, хөдөлмөрийнхөө үр шимийг алдагдал хорогдолгүй хүртэхийн төлөө хичээж, ургацаа бүрэн авахыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан уриаллаа. 

Тэрбээр, “Урьдчилсан тооцоо судалгаагаар энэ жил улаанбуудайн хэрэгцээг дотооддоо бүрэн хангах боломж бүрдээд байна. Энэ нь тариаланчдын уйгагүй хөдөлмөрийн дүн юм. Гэсэн ч эрт баярлаж, санаа амарч боломгүй хариуцлагатай цаг үе” болохыг онцлов. 

Салбарын сайд “Энэ сарын сүүлээр цочир хүйтрэх цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан тул ургацаа бүрэн авахын тулд дор бүрнээ хичээх хариуцлагатай өдрүүд ирлээ. Засгийн газраас ургац хураалтыг технологийн хугацаанд дуусгах, цар тахлын үед хүнсний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлээр их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад оролцох боломжоор хангаж байна. Алтан намрын ажилд гар бие оролцож, амьдралынхаа нэгэн сайхан түүх бүтээх ажилд залуус идэвхтэй оролцохоо илэрхийлсээр байгаа нь талархууштай” хэмээснийг ХХААХҮЯ-ны албан сайтад мэдээлжээ.

Манай улс энэ жил нийт 616 мянган га-д тариалалт хийж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн. Хэдийгээр тариалалтыг хөл хорионы дэглэм тогтоосон, цар тахал дэгдсэн амаргүй нөхцөл байдалд хийсэн ч зургаадугаар сарын сүүлчээр орон нутгаас авсан мэдээллээр нийт улаанбуудай тариалсан талбайн 80 орчим хувь нь соёололтоороо чанарын онцсайн үнэлгээтэй гарчээ.Энэ нь тариалангийн бүс нутагт 5, 6 дугаар сард хур тунадас ахиу орж чийг их өгсөнтэй холбоотой аж. 

 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.