Шри Ланка улсад согтуугаар заан унахыг хориглов
Өмнөд Азийн Шри Ланка улсын эрх баригчид зааныг хамгаалах шинэ хууль баталжээ. Заан тэжээх нь тус улсад баян чинээлгээ харуулах нэг үзүүлэлт болдог. Гэхдээ сүүлийн үед энэхүү ховор амьтантай зүй бусаар харьцах, зовоох явдал нэмэгдсэн тул ийнхүү хуулиар хамгаалжээ. Шинэ хуулиар тэжээвэр заан бүр гэрэл зураг, биометрийн мэдээлэл бүхий үнэмлэхтэй болохоор болжээ. Эзэд нь заанаа өдөр бүр 2.5 цаг усанд оруулах, өдөрт дөрвөөс илүү цаг ачаа тээвэрт ашиглахгүй байх, шөнийн цагаар ажиллуулахгүй байх үүрэгтэй болсон байна.
Аялал жуулчлалын салбарт зааныг ашиглахдаа нэг удаа дөрвөөс олон хүн унуулахгүй, ингэхдээ заавал зөөлөвчтэй эмээл ашиглаж байх ёстой болсон байна. Зааныг засгийн газрын зөвшөөрөлгүй кино зурагт ашиглахыг бас хоригложээ.
Хамгийн сонирхолтой нь иргэдэд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ заан унахыг хориглосон байна. Шинэ хуулийг зөрчвөл зааныг нь төрийн эзэмшилд хурааж, эзнийг нь гурав хүртэл жил шоронд хорихоор болсон байна. Шри Ланка улсад зэрлэг зааныг барьж, гаршуулахыг оролдвол цаазын ялтай байдаг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.