К.Харрис Сингапурт хүрэлцэн очжээ

К.Харрис Сингапурт хүрэлцэн очжээ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Зүүн Өмнөд Азид хийж буй айлчлалынхаа хүрээнд Сингапурт хүрэлцэн очжээ.

К.Харрис даваа гарагт Сингапурын Ерөнхийлөгч Халима Якоб, Ерөнхий сайд Ли Сянь Лунг нартай уулзсан талаар “The Associated Press” агентлаг мэдээлжээ. Бүс нутгийн санхүүгийн төв болсон Сингапурт хийсэн айлчлалынхаа үеэр тэрбээр мөн Чанги тэнгисийн цэргийн баазад очсон байна.

К.Харрис мягмар гаргийн орой Вьетнамд хүрэлцэн очно. Ингэснээр Вашингтоны засаг захиргаа БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй нөлөөг сөрөн зогсох олон улсын дэмжлэгийг бэхжүүлэхийг эрмэлзэж буй энэ үед тэрбээр Ханой хотноо айлчилсан АНУ-ын анхны дэд Ерөнхийлөгч болох ажээ.

“К.Харрис Сингапур, Вьетнамын эрх баригчидтай аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, цар тахал болон “дүрэмд тулгуурласан олон улсын дэг журмыг сурталчлах чиглэлд гаргах хамтын хүчин чармайлтын” талаар хэлэлцэнэ” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Симон Сандерс мэдэгджээ.

Тэрбээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин долоодугаар сарын сүүлээр мөн Сингапур, Вьетнам болон Филиппинд айлчилж, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг наймдугаар сарын 4-нд Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны 10 гишүүн орны Гадаад хэргийн сайд нартай цахимаар уулзсаны дараа ийнхүү айлчилж байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, К.Харрисын айлчлал нь Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа 660 сая хүн амтай тус бүс нутагт Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөтэй тэмцэх чиглэлд гаргаж буй хүчин чармайлтынх нь үргэлжлэл болж буй бололтой байгаа ажээ.

“Зүүн Өмнөд Азийн орнууд нь өөрсдийн “аюулгүй байдалд” гүйцэтгэх АНУ-ын үүргийг урт хугацааны турш үнэлсээр ирсэн” гэж АНУ-д төвтэй “Foreign Policy Research Institute” судалгааны байгууллагаас зургаадугаар сард танилцуулсан тайланд онцлон тэмдэглэжээ.

Вашингтоны зүгээс тус бүс нутаг руу үе үе байлдааны хөлөг илгээж, зэвсэг худалдаалж, цэргүүдийг бэлтгэхэд туслалцаа үзүүлдэг юм. Гэсэн хэдий ч Зүүн Өмнөд Азийн 10 гишүүн бүхий холбооны хувьд аливаа гадаадын хүчний талд илэрхий нэгдэхийн эсрэг байр суурь баримталдаг гэдгийг тайланд бичжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.