Токиогийн Паралимпын наадам өнөөдөр эхэлнэ
Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Паралимпын наадам өнөөдөр эхэлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын хурд хүчээ сорьдог дэлхийн хамгийн том наадмын үеэр тамирчид болон Японы иргэдийн аюулгүй байдалтай холбоотой олон асуултын хариулт тодорхойгүй хэвээр байгаа үед энэхүү наадам эхлэх гэж буй юм.
Ийнхүү Японы нийслэл Токио хот нь Паралимпын наадмыг хоёр удаа зохион байгуулсан анхны хот болно. Өмнөх наадмыг 1964 онд зохион байгуулсан билээ. Энэ удаагийн наадмын хувьд, коронавирусний халдвар дэгдэхээс өмнө хэний ч төсөөлж байгаагүй нөхцөлд зохион байгуулагдана. Тухайлбал, танхимын үзэгчдийг спортын байгууламжуудад нэвтрэхийг хориглох гэх мэт аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
Паралимпын наадамд 160 орчим улс орон, нутаг дэвсгэрийн 4400 орчим тамирчин оролцож, ирэх есдүгээр сарын 5 хүртэл Токио болон тус хотын ойролцоох гурван мужид болох тэмцээнүүдэд өөрсдийн хурд хүчээ сорино. Эдгээр мужид бүгдэд нь онцгой байдлын дэглэм тогтоогоод байгаагийн зэрэгцээ өдөрт илрэх халдварын шинэ тохиолдлын тоо урьд бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр үзүүлэлтэд хүрээд байгаа юм.
Хэдийгээр 17 өдөр үргэлжилсэн Токиогийн Олимпын үеэр тамирчид, төлөөлөгчдийн дунд халдварын томоохон голомт үүсээгүй ч Паралимпын зарим тамирчны хувьд эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалан илүү ноцтой шинж тэмдгүүд илрэх эрсдэл өндөр байх магадлалтай байна.
Токиод өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо 5000 давах болсон нь долоодугаар сарын 23-нд Олимпын наадам эхлэхээс өмнөх үеийнхээс гурав дахин нэмэгдээд байгаа юм. Токиогийн захирагч Койкэ Юрико өнгөрсөн долоо хоногт нөхцөл байдал “гамшгийн түвшинд” хүрээд байгааг хэлжээ.
Үүний зэрэгцээ Японы эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал ихээхэн нэмэгдсэн бөгөөд эмнэлгийн орны хомсдолын улмаас гэртээ эмчлүүлж буй хүний тоо нэмэгдсээр байна.
Цар тахлын улмаас Самоа, Кирибати, Тонга, Вануату улсын тамирчид Японыг зорих боломжгүй болсон нь наадамд оролцох улс орон, бүс нутгийн тоог 2012 оны Лондоны Олимпын үеийн хамгийн өндөр үзүүлэлт болох 164-өөс цөөрүүлжээ.
“Токио-2020” наадмын гарын авлагын дагуу тамирчид өдөр бүр шинжилгээ өгч, тамирчдын хотхонд байхдаа амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих ёстой юм.
Олимпын наадмын нэгэн адил Японы эзэн хаан Нарүхито Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд наадмыг нээж буйг зарлах төлөвтэй байна. Нийт 68 мянган хүний суудалтай энэхүү хүрээлэнд болох нээлтийн ёслолд зөвхөн хүндэт төлөөлөгчид оролцох юм.
Паралимпын тамирчид 22 спортын төрлөөр 539 медалийн төлөө өрсөлдөнө. Энэхүү наадмын хөтөлбөрт таеквондо, бадминтон анх удаа нэмэгдэж байгаа юм.
Токиогийн Паралимп хүмүүсийн өөр хоорондоо ялгаатай байдлыг тодотгон харуулах олон талт нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулна гэдэгт зохион байгуулагчид найдаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.