Талибууд доллар, түүхийн дурсгалт эд зүйлсийг гаргахыг хоригложээ
Афганистаны засгийн эрхийг гартаа авсан “Талибан” хөдөлгөөн ам.доллар, түүхийн дурсгалт эд зүйлсийг хилээр гаргахыг хоригложээ.
“Доллар, түүхийн дурсгалт эд зүйлсийг далай, хуурай замаар хууль бусаар гаргах эсвэл гадагш экспортлохыг хатуу хориглосон гэдгийг бид иргэдэд мэдэгдэж байна. Хориотой эд зүйлс олдвол тэр даруй хураан авч, эзнийг нь хуулийн дагуу шийтгэнэ” гэж талибууд твиттер хуудсандаа мэдэгджээ.
Энэ нь Афганистанд гадаад валют эрс хомсдсонтой холбоотой байж магадгүй байна. Талибууд Кабулыг эзлэн авахын өмнөхөн АНУ-ын засаг захиргаа “террористуудын гарт орохоос урьдчилан сэргийлэх үүднээс” Афганистанд доллар нийлүүлэхээ зогсоосон гэж “Wall Street Journal” сонин өмнө нь мэдээлсэн юм. Түүнчлэн АНУ Афганистаны Засгийн газарт хамаарах, Америкийн банкууд дахь дансыг албан ёсоор царцааж, талибууд захиран зарцуулах боломжгүй болгосон бол Олон улсын валютын сан Афганистанд үзүүлдэг санхүүгийн тусламжаа зогсоосон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.