Чинхай мужийн ерөнхий прокурор асныг авлигын хэргээр баривчилжээ.
Хятадын эрх баригчид хахууль авсан хэрэгт сэжиглэгдэж буй, тус улсын баруун хойд нутгийн Чинхай мужийн ерөнхий прокурор асан Мэн Юншанийг баривчилжээ.
Энэ тухай Хятадын Коммунист намын /ХКН/ Сахилга батыг хянан шалгах хороо мягмар гарагт мэдээлэв.
Тус хорооны цахим хуудаст гарсан мэдээлэлд онцлон тэмдэглэснээр, БНХАУ -ын Төрийн хяналтын хорооноос хийсэн шалгалтын дүнд ийм шийдвэр гаргаж, хэргийг Ардын дээд прокурорт шилжүүлжээ.
Мэн Юншанийг наймдугаар сарын дундуур ХКН-аас хөөж, 2019 оны хоёрдугаар сараас хойш хашсан Чинхай мужийн ерөнхий прокурорын албан тушаалаас нь огцруулжээ. Түүнийг өнгөрсөн зургадугаар сард "сахилгын ноцтой зөрчил гаргасан" хэрэгт буруутгасан байна.
Хятадад 2012 онд Ши Жиньпин тэргүүтэй "тав дахь үеийн" удирдагчид засгийн эрхэнд гарснаас хойш авлигын эсрэг тэмцэл эрчимжсэн юм. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд орон даяар өрнөсөн томоохон кампанит ажлын үр дүнд жирийн албан тушаалтнууд төдийгүй өндөр албан тушаалын хүмүүс албан тушаалаасаа огцорч, шоронд бүх насаараа хоригдох ял авчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.