Монгол, Вьетнамын тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцлов
Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайд Д.Билэгдоржийг Вьетнам Улсын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцсан байна.
Талууд Монгол, Вьетнамын улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, боловсролын салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өргөжин хөгжиж байгааг дурдаад харилцааны түвшинг ахиулахаар үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров. Түүнчлэн “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа бүхий л түвшинд хамтын ажиллагааг сэргээхээр ярилцав.
Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг нэмэх зорилгоор тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг вьетнамын тал онцлов. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд Д.Билэгдоржийн оруулсан хувь нэмрийг Ерөнхийлөгч Нгуен Суан Фук өндрөөр үнэлээд, цаашдын ажилд нь амжилт хүсэв
Мөн түүнчлэн Элчин сайд Д.Билэгдоржийг Вьетнам Улсын Гадаад хэргийн дэд сайд Нгуен Минь Ву энэ сарын 23-нд хүлээн авч уулзаж, хоёр улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн шууд нислэгтэй болох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцов. Уулзалтын үеэр вьетнамын тал монголын талаас өндөр түвшний айлчлалыг ирэх жил хэрэгжүүлэхийг мөн санал болгов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.