Ерөнхийлөгч 2021 оноос эхлэн олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад тэтгэлэг олгох зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох зарлиг гаргасан байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар өнөөдөр /2021.08.30/ мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:
-Тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авсан сум хорооны иргэн тус бүрийг сонгон шалгаруулж, дотоодын төрийн өмчийн их сургуулийн бэлтгэдэг дэлхийн шилдэг сургуульд суралцах бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх. Тэтгэлэгтэй бэлтгэл хөтөлбөрт амжилттай хамрагдаж, дэлхийн их дээд сургуульд суралцах эрх авсан тохиолдолд сургалтын тэтгэлэг олгох.
2021 оноос эхлэн олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад тэтгэлэг олгох зарлиг гаргажээ.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Монгол Улсын 330 сум, 9 дүүргийн 171 хорооноос хамгийн өндөр оноо авсан 504 хүүхдийг сонгон шалгаруулж, олон улсын хэлний бэлтгэл хөтөлбөрт нэг жил сургана. Ирэх жил нь хэлний шалгалт аваад, тэнцсэн 50 хүртэлх хүүхдийг дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулах боломжийг олгосон зарлиг болж байна. Жил бүр 504 оюутан шалгаруулаад, нийт 2100 оюутанг хамруулах юм.
Хоёрдугаарт, дэлхийн оюуны олимпиадад амжилттай оролцсон залуусыг урамшуулах зарлиг гарж байна. Манай залуус оюуны чадвараар дэлхийд эхний 10-т ордог. Гэтэл энэ чадвараа ашиглах боломжоор сүүл мушгидаг. Тиймээс Ерөнхийлөгчийн зарлиг бол хүүхэд бүрийн оюуны чадамжийг дэмжих, дэлхийн хэмжээнд хүргэх зорилготой зарлиг болж байна. Энэ жил дэлхийн оюуны олимпиадад амжилттай оролцсон 17 нэр бүхий хүүхэд тэдний багш нарт шагнал гардуулах ёслол энэ долоо хоногт болно. Шагналын дүн ямар байхыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм байна.
Сануулахад, Элсэлтийн ерөнхий шалгалтаар сум, хороондоо өндөр оноо авсан 504 хүүхдийг олон улсын хэлний шалгалт өгөх хүртэл бэлтгэхэд нэлээд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Жилд 2 тэрбум төгрөг улсын төсөвт суулгаад, хэлний бэлтгэлд хамруулах тооцоолол гарсан байна. Ингээд Монгол Улсад тэргүүлэх чиглэлээр болон нэн шаардлагатай мэргэжлээр суралцах оюутнуудыг түлхүү дэмжих бодлого барих аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.