Японд коронавирусний шинэ хувилбар “Мю”-гээр халдварласан анхны тохиолдлууд илэрчээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ анхааралтай ажиглах хувилбаруудын ангилалд орсон коронавирусний шинэ хувилбар болох “Мю”-гээр халдварласан анхны тохиолдлууд Японд илэрчээ.
Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, хоёр нисэх буудлын тусгаарлах байранд байсан хоёр аялагчаас “Мю” хувилбар илэрсэн байна. Уг хувилбар нь Өмнөд Америк, Европт бүртгэгдээд байсан юм. Тийнхүү ДЭМБ “Мю” хувилбарыг “анхааралтай ажиглах хувилбарууд”-ын жагсаалтад энэ долоо хоногт нэмж оруулжээ.
Эрүүл мэндийн яамны ажилтнууд өмнө нь цуглуулсан сорьцуудын генийн дарааллыг судалж үзэхэд, зургаадугаар сарын сүүлээр АНЭУ-аас Нарита нисэх буудалд ирсэн 40-өөд насны эмэгтэй, долоодугаар сарын эхээр Их Британиас Ханэда нисэх буудалд буусан 50 гаруй насны эмэгтэй “Мю” хувилбараар халдварласныг тогтоожээ.
Үүнтэй холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга Вакита Такажи өргөн хүрээг хамруулсан судалгаа хийхийг уриалжээ. Тэрбээр янз бүрийн хувилбарууд илэрсээр байгааг дурдсан боловч бусдаасаа хурдан халдварладаг хувилбаруудад илүү их анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн мэдэгдсэн байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, “Мю” хувилбар нь вакцины үүсгэж буй дархлаанаас зугтах эрсдэл бүхий мутациудтай байна. Тус байгууллагын мэдээллээр, Колумбид нэгдүгээр сард анх илэрсэн уг шинэ хувилбар нь 39 улс оронд бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.