Коронавирус тархаад буй энэ үед “Их-20” бүлгийн удирдагчид юу ярив?

Коронавирус тархаад буй энэ үед “Их-20” бүлгийн удирдагчид юу ярив?

МОСКВА. /TASS/. Дэлхийн хамгийн нөлөө бүхий, хөгжингүй орнуудын удирдагчид 3 дугаар сарын 26-нд видео хэлбэрээр уулзалт хийсэн юм. Дэлхийн хэмжээнд коронавирусний цар тахалтай тэмцэх тухай асуудал энэхүү уулзалтын гол сэдэв байлаа. 


Нүүр тулан ирээд буй аюулын өмнө эв нэгдэлтэй байх тал дээр талууд санал нэгдэж, тахалд өртсөн улс орнуудад тусламжийн сан байгуулах талаар бодолцож үзэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин санал болгожээ.

 

ОХУ юу санал болгов?

Тахалд өртсөн улс орнуудын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг цуцлах шаардлагатай гэж үзэж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.


Хямралын үед эмийн болон хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, технологийн хэрэгслийг харилцан нийлүүлэхийн тулд худалдааны дайн, хориг арга хэмжээнээс чөлөөлөгдсөн ногоон коридорыг байгуулах нь чухал гэж үзэж байгаагаа тэрбээр мөн илэрхийлсэн байна. 


“Хориг арга хэмжээний жагсаалтаас үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг хасах шаардлагатай. Юуны түрүүнд тахлын улмаас бусдаасаа илүү хохирч буй улсуудыг ийм арга хэмжээнд хамруулах нь чухал. Энэ бол хүний амь настай холбоотой асуудал бөгөөд цэвэр хүмүүнлэгийн асуудал юм” хэмээн тэрбээр хэлжээ. 


2008-2009 онуудад тохиож байсан эдийн засгийн хямралаас илүү ноцтой хямралд бэлтгэлтэй байхыг ОХУ-ын төрийн тэргүүн дэлхий дахинд уриалсан байна.


“Коронавирусний цар тахалтай холбоотой асуудлуудын улмаас амсах хохирол илүү өргөн хүрээг хамрах бололтой. Худалдааны маргаан, хориг арга хэмжээнүүд нь хямралыг даамжруулахаас цаашгүй” хэмээн тэрбээр ярьсан байна.


Саудын Араб эв нэгдэлтэй байхыг уриалжээ

Видео хэлбэрээр зохион байгуулсан уг уулзалтыг Саудын Араб даргалсан юм. Тахлаас үүдэлтэй дэлхийн хямралд хариу арга хэмжээ авахыг Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз уриалжээ.


“Олон хүнд зовлон шаналал авчирч буй коронавирустэй тэмцэхийн тулд эв нэгдэлтэй байхыг дэлхий дахин “Их-20” бүлгээс хүсэж байгаа бөгөөд янз бүрийн түвшинд шийдвэртэй арга хэмжээ авахыг биднээс шаардаж байна” хэмээн тэрбээр хэлэв.

  

БНХАУ дэлхийн эдийн засгийн харилцаа холбоогоо хамгаална

Хямрал эхлээд буй энэ үед дэлхий дахин эдийн засгийн харилцаа холбоогоо хадгалан авч үлдэхийг БНХАУ-ын дарга Си Жиньпин “Их-20” бүлгийн улсуудад уриалжээ. БНХАУ-ын үүсгэсэн дэлхийн үйлдвэрлэлийн хэлхээ аюулд орсон гэж Си Жиньпин үзэж байна.


“Тахал дэлхийн үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээнд хүчтэй цохилт өглөө. Дэлхийн эдийн засгийн удааширлыг зогсоож, эрчим үүсгэхийн тулд бүх улс хамтдаа макро бодлого явуулах ёстой” хэмээн Си Жиньпин хэлсэн байна. 


Энэ зорилгодоо хүрэхийн тулд мөн мөнгөний бодлогоо илүү үр дүнтэй болгох, санхүүгийн салбарт тавих хяналтаа чангатгаж, дэлхийн үйлдвэрлэлийн хэлхээний тогтвортой байдлыг хамгаалахыг тэрбээр талуудад санал болгожээ.


Австрали ядуусаа хамгаалахыг уриалж байна

Цар тахалтай тэмцэхээс өөр аргагүйд хүрээд байгаа хэдий ч нөөц бололцоо нь хүрэлцэхгүй байгаа ядуу буурай орнууд аюултай нөхцөл байдалд ороод байгааг анхааралдаа авахыг Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон “Их-20” бүлгийн удирдагчдад уриалжээ. Мөн тэрбээр өвчний дэгдэлтээс үүдэлтэй худалдааны хязгаарлалтыг зөв гольдрилд нь оруулахыг уриалсан байна.


“Эдийн засаг, эрүүл мэндийн салбарт хямралыг даван туулахад нь хөгжиж буй орнуудад тусалснаараа "Их-20” бүлэг чухал үүрэг гүйцэтгэх юм. Австралийн хувьд Номхон далайн түнш орнууд нь анхаарлын төвд байгаа хэдий ч бид хамтран ажилласнаар тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаа улс орнуудад анхаарлаа хандуулж, үйл ажиллагаагаа нэгтгэж чадна” хэмээн Моррисон онцлон тэмдэглэжээ.


ӨАБНУ шийдэмгий алхам авахыг хүлээж байна

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса эв нэгдэлтэй байхыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.


“Шийдэмгий алхам хийж, үйл ажиллагаагаа уялдуулах нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, итгэлцлийг бэхжүүлэх, урт хугацаанд үргэлжлэх уналтыг зогсоох гол алхам болох юм” хэмээн тэрбээр хэлжээ.


БНСУ эмч нарт зориулж хилээ нээхийг уриалжээ

Өмнө нь авсан хөл хорионы арга хэмжээнүүдээ коронавирусний тахалтай тэмцэхэд чухал ач холбогдолтой хүмүүс болох эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн ажилтнууд, бизнес эрхлэгчдэд хамааралгүй болгохыг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Их-20” бүлгийн улс орнуудад санал болгожээ.


Япон гайхалтай вакцин гарган авна гэж найдаж байна

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо тахлыг дарах эм гарган авна гэж найдаж байгаагаа илэрхийлэхийн сацуу үүн дээр хурдан ажиллахыг уриалжээ. Түүнчлэн энэ зун Токиод болох ёстой байсан Олимпын наадмыг хойшлуулах талаарх асуудал олон улсын хамтын нийгэмлэгээс дэмжлэг авсан тухай тэрбээр мэдэгдсэн байна.


Индонез эдийн засгийн үр дагаварт төвлөрөхийг уриалжээ

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн үр дагаварт анхаарлаа төвлөрүүлэхийг Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо “Их-20” бүлгийн гишүүдэд уриалжээ.


“Эдийн засгийн уналтыг сөрөн зогсохын тулд “Их-20” бүлэг бодлогоо нэгтгэж, зохих арга хэмжээнүүдийг боловсруулахдаа хамтран ажиллах ёстой. Мөнгөний бодлогоо бид хамтдаа уялдуулан зохицуулж, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх ёстой” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.