Монгол, Солонгосын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг “Ногоон хэрэм” төсөл

Монгол, Солонгосын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг “Ногоон хэрэм” төсөл

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд орж байгаа тухай УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 22-ны хуралдааны үеэр мэдээлж байв. Цөлжилт, газрын доройтлоос үүдэлтэй шар шороон шуурга Монгол Улсын төдийгүй Ази тивийн цаашлаад дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг мөн 2019 оны хоёрдугаар сарын 20-нд болсон Дэлхийн шар шороон шуурганы суурь зураглал гарах техникийн уулзалтаар ярилцаж байсан. 


Монгол Улсын цөлжилтийг бууруулах, шар шороон шуургатай тэмцэх зорилго бүхий Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийг 14 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Тодруулбал, Монгол, БНСУ 2005 онд шар шороон шуурга, цөлжилтөөс сэргийлэх ойжуулалтын төсөл хэрэгжүүлэх дээд хэмжээний хэлэлцээр хийж, 2006 онд БОАЖЯ болон Солонгосын Ойн агентлаг хамтран ажиллах санамж бичиг байгуулж байжээ. Үүний дүнд БНСУ-ын 11.8 сая ам.долларын хөрөнгөөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Булган сумын нутаг дахь Баянзаг болон Төв аймгийн Лүн суманд нийт 45 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, 3046 га талбайг ойжуулсан юм.



Дээрх гурван сум нь Монгол Улсад шар шороон шуурга дэгдэх гол эх үүсвэр хэмээн үзэж, цөлжилтөд тэсвэртэй тоорой, сухай, жигд, бургас, хайлаас, гүйлс, бүйлс зэрэг 20 төрлийн нэг сая мод суулгасан нь амжилттай ургаж байгаа аж. Төслийн хүрээнд ойжуулсан газрыг шат дараатайгаар Монголын талд хүлээлгэн өгч байгаа юм. 2017 оноос эдүгээг хүртэл 2200 гаруй га талбайг Монголын талд хүлээлгэн өгсөн байна. Үлдсэн 821 га талбайг энэ онд хүлээлгэн өгөх бөгөөд ингэхдээ тухайн ойг арчлах зардал, тоног төхөөрөмжийн хамт гардуулахаар болжээ. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар ойг цаашид арчлах, шинээр мод нэмж тарих, талбайг өргөжүүлэх бүрэн боломжтой болно гэдгийг “Ногоон хэрэм” төслийн захирал Сон Ин Гён хэллээ. Цөлжиж буй газарт мод тарьж, улмаар ойжуулах бүрэн боломжтойг үлгэрлэн харуулсан нь энэ төслийн гол үр дүн юм. Төслөөс олон иргэн, улстөрч санаа авч, мод тарьж, байгаль орчноо хамгаална гэдэгт итгэж буйгаа мөн онцолсон юм.



“Ногоон хэрэм” төсөл ийнхүү 2016 онд дууссан ч хоёр орны Засгийн газраас үргэлжлүүлэх нь зөв хэмээн үзэж, тухайн оны тавдугаар сарын 18-нд Монгол-Солонгос хоёр орны Төрийн дээд хэмжээний зөвшилцөл, долоодугаар сарын 17-нд Цөлжилт болон шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд “Ногоон хэрэм” төслийн II шатыг 2017-2022 онд хэрэгжүүлэх болж, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Дамбадаржаагийн нутаг дэвсгэрийн 40 га талбайд Хотын ой буюу “Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлыг эхлүүлсэн юм. Төслийн эхний шат шар шороон шуургатай тэмцэх байсан бол II шат нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чиглэж байна. Нийт есөн сая ам.долларын өртөгтэй энэхүү төслийн бүтээн байгуулалт 50.8 хувьтай үргэлжилж байна. Энгийн цэцэрлэгт хүрээлэнд иргэд амарч, зугаалдаг бол хотын ойгоос модны ашиг тус, түүнийг ургуулах, арчлах зэрэг ойн талаар бүхий л мэдлэг, мэдээллийг авдаг болно гэдгийг мөн төслийн захирал онцолсон юм. 



Төслийн хүрээнд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай, 100 орчим машины зогсоол байгуулахаас гадна 90 гаруй нэр төрлийн мод, ургамлыг тарих юм. Одоогоор сагсан бөмбөгийн талбайн бүтээн байгуулалт 83 хувь, цамхаг барих ажил 79 хувь, автомашины зогсоол 79 хувь, хашаа барих ажил 94 хувь, цэцгэн хэлбэрт хашлагын ажил 33 хувь голын далан байгуулах ажил 98 хувь, усан сан байгуулах ажил 99 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Мэдээллийн төв байгуулах ажил 24 хувь, нуурын усан зам байгуулах ажил 42 хувь, мод үржүүлгийн газар байгуулах ажил 100 хувь хэрэгжжээ. Энэ онд тус төслийн хамгийн чухал хэсэг буюу мод тарих ажил эхэлнэ. БНСУ-ын Ой, цэцэрлэгт хүрээлэнгийн байгууллагаас нэг мод жилд 35.7 грамм нарийн тоосонцор, 2.5 тонн нүүрстөрөгч шингээж, хүчилтөрөгч болгон ялгаруулдаг байна. Тиймээс хотын ойг байгуулах нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодит нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм.


БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад 2019 оны гуравдугаар сард айлчлахдаа тус цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, дурсгалын мод тарьсан юм. Энэ талаар “Ногоон хэрэм” төслийн захирал Сон Ин Гён, “Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр энэ төслийг цааш үргэлжлүүлэх, ашиг тустай төсөл хэрэгжүүлэх боломж байгаа гэсэн сэдлийг бидэнд өгсөн. Тиймээс III шатыг хэрэгжүүлэх эсэх талаар нарийвчилсан судалгааг хийж байна” гэсэн юм.


Монгол Улсын шар шороон шуурганы дэгдэлтийг зогсоох, Монгол орны цөлжилт, шар шороон шуурганаас сэргийлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмрээ оруулж буй “Ногоон хэрэм” төсөл нь Монгол, БНСУ-ын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болно хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна. 


Төслийг дуусахаас өмнө хэд хэдэн асуудлыг БОАЖЯ болон холбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлэх шаардлагатай байгааг мөн төслийн багийнхан хэлж байлаа. Тухайлбал, “Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн”-г цаашид хөгжүүлэх, тохижуулах менежментийн төлөвлөгөөг нэн даруй боловсруулах, цэцэрлэгт хүрээлэн ойролцоох төв замаас шууд орох зам тавих асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа аж. Одоогоор шууд орох зам байхгүй тул гэр хороолол дундуур, холуур тойрч ордог байна. Мөн цэцэрлэгт хүрээлэн байгуулж буй газарт спорт цогцолбор барих зөвшөөрөл олгосон зэрэг асуудал үүсжээ. Тиймээс дээрх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг төслийн зохицуулагч Н.Баянхишиг хэлж байв.



Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.