165 улс боловсролын байгууллагын үйл ажиллагаагаа зогсоожээ
2020 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар КОВИД-19 халдварын тархалттай холбогдуулан 165 улсад цэцэрлэг, дунд сургууль, их сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Нийт суралцагчдийн 87.1 хувь буюу 1,524,648,768 хүүхэд, залуучууд хөл хорионд ороод байна.
ОХУ
Москва хотод АНУ болон Европын орнуудаас ирсэн зорчигчдыг тусгаарлах, сургууль хаах, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох зэрэг коронавирусын эсрэг авч буй арга хэмжээнүүдийн хугацааг сунгасан байна.
ОХУ-ын Засгийн газраас 3 дугаар сарын 16-аас 4 дүгээр сарын 10-ны хооронд бүх нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон. "Олон нийтийн арга хэмжээ" гэдэгт соёл, биеийн тамир, спортын салбарын бүх цугларалт, үзэсгэлэн, үзвэр үйлчилгээ, нийтийн боловсролын үйл ажиллагаа зэргийг багтааж байна.
Түүнчлэн, Москва хотын ерөнхий боловсролын сургууль, спортын сургууль, бусад боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 3 дүгээр сарын 21-ээс 4 дүгээр сарын 12-н хооронд хаахаар болсон байна. Москва хотын захирагчийн албанаас хүүхдүүдийг олон нийтийн газраар явуулахгүй байхыг эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөж байна.
2020 оны 3-р сарын 27-ны өдрийн байдлаар ОХУ-д COVID-19-ийннийт 840тохиолдол бүртгэгдсэний ихэнх нь Москва хотод бүртгэгдсэн байна.
СЛОВАК
Словак улсад COVID-19 цар тахал туссан нийт 105 хүн бүртгэгдэж 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сургуулиудыг орон даяар хаах шийдвэр гаргаснаар тус улсын нийт 832,055 сурагчдын боловсролыг алдагдуулж байна. Энэхүү онцгой дэглэмийн үед сургуулийн захирал, багш нар нөхцөл, боломжоо ашиглан цахим харилцааны тусламжтайгаар сурагчдын бие даан суралцах боломжийг олгон ажиллаж байна.
Статистикийн мэдээллээр Словак улсын сурагчдын 96.6% нь гэртээ интернэт холболттой, 93.6% нь гар утсаар интернэтэд холбогдох боломжтой юм байна. Тус улсын Боловсролын яам цэцэрлэг, бага, дунд сургуулийн интерактив боловсролыг дэмжих зорилгоор https://viki.iedu.sk/resources/browser/verejneцахим порталаар болон Edupage хуудсаар дамжуулан хичээлийг словак, англи, унгар хэлээр хүргэж байна. Цар тахлын нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан сургууль, сургалтын байгууллагууд спортын арга хэмжээ, аялал, тэмцээн, сэдэвчилсэн олимп зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна.
“3 дугаар сарын 17-20-ны хооронд болох байсан улсын шалгалтыг 14 хоногоор хойшлуулахаар боллоо. 14 хоногийн туршид сургууль завсардахгүй байх арга хэмжээ авсан тул хичээлийн жилийг хойшлуулах шаардлагагүй юм” хэмээн тус улсын Ерөнхий сайд Петер Пеллегрини мэдээлсэн байна.
ХОЙД СОЛОНГОС
Хойд Солонгосын эрх баригчид сургууль нээх хугацааг 04 дүгээр сарын 15 хүртэл сунгав. Өнгөрсөн 02 дугаар сарын 20-ны өдөр Хойд Солонгосын эрх баригчид сургууль нээх хугацааг нэг сараар сунгах тушаал гаргасан бол 03 дугаар сарын 16-ны Даваа гарагт Хойд Солонгосын Боловсролын яамнаас бүх сургуулиудад шинэ улирлын хичээлийг 04 дүгээр сарын 15-наас эхлүүлэх тушаалыг гаргасан байна. Яамны зүгээс хүмүүс хоорондын биечлэн харилцах харилцааг хориглох нь коронавирусын халдвараас сэргийлэх хамгийн шилдэг арга гэж зөвлөж байна.
Хойд Солонгост сургууль нээхийг нэг биш хоёр удаа хойшлуулсан нь хүмүүст ихээхэн бухимдал төрүүлж байна. Хойд Солонгост COVID-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй байхад сургууль нээх хугацааг ийнхүү хоёр удаа хойшлуулсан явдал нь тус улсын зүгээс COVID-19-ийн халдварыг маш ноцтойд тооцож байгаа тухай холбогдох эх сурвалжууд мэдээлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.