Кино театруудын тасалбарын үнэ 1000-4000 төгрөгөөр нэмэгджээ
Нэгэн үе кино театр гэхээр “Өргөө”, “Тэнгис” хоёроор төсөөлдөг байсан. Тэгвэл энэ үе аль хэдийнээ ард хоцорчээ. Нийгэм цаг үеийн өөрчлөлт, технологийн дэвшилттэй холбоотойгоор кино театрууд “Гэгээнтэн”, “Хүннү синема”, “Prime Cineplex”, “Өргөө-2,3,5” зэргээр хүрээгээ тэлжээ. Үүнийгээ дагаад үйлчилгээ, чанарын өрсөлдөөн бий болж байна. Цар тахалтай нүүр тулсан хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа нь хязгаарлагдсан кино театрууд наймдугаар сарын 20-ноос эхлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн билээ. Тэгвэл олон сар үүдээ барьсан кино театрууд дотоодод дельта хувилбар тархсан эрсдэлтэй нөхцөлд ямар зохицуулалттайгаар, хэрхэн ажиллаж буй талаар сурвалжиллаа.
Б.Зоригт: Кино театрын бизнесийн онцлог нь цар тахлын үед давуу тал болж байгаа
“Тэнгис” кино театрын хаалгаар ормогц хамгаалалтын ажилтан халууны хэм, хоёрдугаар тун хийлгэсэн вакцины гэрчилгээг шалгаж, QR код уншуулахыг сануулж байлаа. Үдээс өмнө очсон учраас танхимд гурван хүн захиалсан киноныхоо цагийг хүлээж байгаа харагдана.Тасалбар захиалах хэсэгт хүн байсангүй. Үдээс хойш болон амралтын өдрүүдэд үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгддэг талаар кино театрын ажилтан хэлж байлаа. “Тэнгис” кино театр нь зургаан танхим, нийт 1433 суудалтай аж. Энэ нь нэг цэгт төвлөрсөн гэдгээрээ давуу тал болдог байна. Мөн кино театрын нийт зах зээлийн 30 хувийг дангаараа эзэлж, нэг цагт олон кино гаргаж, олон үйлчлүүлэгч хүлээн авах боломжийг бүрдүүлдэг талаар маркетингийн менежер нь дурдаж байлаа. “Тэнгис” кино театр нь УОК-ын шийдвэрийн дагуу үзвэрийн танхимыг 50 хувийн дүүргэлттэй буюу хоёр хүн суугаад хоёр суудлын зай авах зарчмын зохицуулалт хийжээ. Харин киноны тасалбар үнийн хувьд өссөн харагдаж байлаа. Наймдугаар сарын 20-нд үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлэх үед “Тэнгис” кино театрын тасалбарын үнэ том хүн 8000 төгрөг, хүүхэд 6000 төгрөг байсан билээ. Харин одоо том хүн 9000 төгрөг, хүүхэд 7000 төгрөг, VIP танхимд том хүн 15 мянган төгрөг, хүүхэд 10 мянган төгрөгөөр үйлчлүүлэх болжээ. Тасалбарын үндсэн үнээс гадна үзэгчдээ идэвхжүүлэхийн тулд хямдрал урамшуулал үзүүлдэг аж. Тухайлбал, өдөр бүрийн эхний үзвэрийг том хүн 6500 төгрөг, хүүхэд 5000 төгрөг, мягмар гарагт онлайнаар тасалбараа захиалсан тохиолдолд том хүн 7200 төгрөг, хүүхэд 5600 төгрөгөөр үйлчүүлэх боломжтой аж. Харин төрсөн өдөр нь болж байгаа тохиолдолд ердөө 100 төгрөгөөр кино үзэх боломжтой байна. Энэ тохиолдолд төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг сануулж байлаа. Анхааруулж хэлэхэд уг кино театр нь зургаагаас доош насны хүүхдүүдэд үйлчлэхгүй байна. Харин зургаагаас дээш насныханд тохирох хүүхдийн, адал явдалт, инээдмийн, уянгын зэрэг төрөл бүрийн кино гарч байгаа талаар кино театрын ажилтан хэлж байв. Энэ үеэр “Тэнгис” кино театрын маркетингийн албаны дарга Б.Зоригт “Кино театрын бизнесийн онцлог нь цар тахлын үед давуу тал болж байгаа. Цар тахалгүй үед ч кино театрын суудал дүүргэлт дунджаар 20 орчим хувьтай байдаг. Зөвхөн амралтын өдөр болон оройны тодорхой цагуудад энэ хувь хэмжээ нэмэгддэг. Тиймээс тодорхой тооны хэрэглэгчдэд тасалбар борлуулаад, суудлын дагуу суулгаж үзвэрээр үйлчлээд, дараагийн ээлжийн хүмүүсээ хүлээж авах хооронд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, халдвар, хамгааллын дэглэмийг барьж ажиллахад хүндрэлтэй зүйл огт гарахгүй байгаа. Харин ч системтэй, цэгцтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдээж тодорхой хэмжээний сөрөг нөлөө байна. Тухайлбал, оргил цагийн ачаалал эрс багассан юм. Хэдий тийм ч нийт борлуулалтад нөлөөлөх нөлөөлөл нь бага байна” гэсэн юм.
Харин “Өргөө-2” кино театр оюутны гудамжинд их, дээд сургуулиудтай ойрхон байдаг тул “Тэнгис” кино театрыг бодвол хөл хөдөлгөөнтэй байлаа. Учир нь тус кино театрын байрлах барилгад хэд хэдэн үйлчилгээний байгууллага байдаг билээ. Энд вакцин хийлгэсэн гэрчилгээ, амны хаалт зүүх тал дээр ямар нэгэн шаардлага тавихгүй байсан бөгөөд үүдний хэсэгт гар ариутгах бодис ч байсангүй. Үүнийгээ дагаад хүмүүс халдвар, хамгааллын дэглэмд хариуцлагагүй хандаж байгаа нь харагдаж байлаа. “Өргөө-2” кино театр нь үзвэрийн танхимд 50 хувийн дүүргэлттэй ажиллах зохицуулалт хийсэн байна. Хоёр хүн суугаад нэг суудлаар зайгаа барих ажээ. Танасан байдлаар ажиллаж байгаа тул үйлчлүүлэгчдийн тоо буурсан. Зорьж ирсэн хүмүүс үйлчлүүлж байгаа талаар кино театрын ажилтан хэлж байлаа. Киноны тасалбар үнийн хувьд мөн л өссөн байсан юм. Тус кино театрт том хүн 10 мянган төгрөг, хүүхэд 8000 төгрөгөөр үйлчлүүлэх бөгөөд зарим 3D кино 11 мянган төгрөгийн үнэтэй байгаа талаар “Өргөө-2” кино театрын зохион байгуулагч Ц.Энхжин хэллээ.
“Imax” кино театрын тасалбарын үнэ 20 хувиар нэмэгдсэн байв
Шангри-Ла барилгын дөрвөн давхарт байрлах “Imax” буюу “Өргөө-3” кино театрт хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тус кино театр үзвэрийн танхимдаа 70 хувийн дүүргэлттэй буюу хоёр хүн суугаад нэг сандлын зай барих зохицуулалттайгаар ажиллаж байна. Цар тахалтай холбоотойгоор ямар нэгэн хүндрэл бэрхшээл үүсээгүй байсан ч нөхөн сонгуультай холбоотойгоор энэ сарын 15-нд нээлтээ хийх ёстой байсан “Веном-2” киноны нээлт долоо хоногоор хойшилжээ. Үүнд үзэгчид ихэд эгдүүцэж байсан талаар тус кино театрын зохион байгуулагч Э.Ану хэлж байв. Учир нь нээлтээ хийх өдөр нь тус киноны тасалбар урьдчилсан захиалгаар бараг дуусаж байсан аж. “Imax” кино театр нь өнгөрсөн наймдугаар сарын 20-нд үйл ажиллагаагаа нээхдээ тасалбарын үнийг 20 хувиар нэмсэн байна.
Тэрбээр ажлын өдрүүдэд 17.00 цагаас өмнөх үзвэрийг том хүн 8000 төгрөг, хүүхэд 7000 төгрөгөөр үзэх бол амралтын өдрүүд болон ажлын өдөр 17.00 цагаас хойш том хүн 12 мянган төгрөг, хүүхэд 11000 төгрөг болж өөрчлөгдөх юм. Харин 3D кино 13 мянган төгрөг, VIP танхим 25 мянган төгрөг, “Imax” суудал нь 18 мянган төгрөг байна. Хямдрал урамшууллын хувьд “Цонхтой цаг” буюу даваагаас пүрэв гарагт 17.00 цагаас өмнөх үзвэрүүдэд дөрвөн хүн тутмын нэг нь хөнгөлөгддөг аж. Харин төрсөн өдөр нь тохиож буй үйлчлүүлэгч өөрийнхөө нэр дээр байгаа бонус картаа ашиглан энгийн танхимд нэг кино үнэгүй үзэх боломжтой юм.
“Imax” кино театрын зохион байгуулагч Э.Ану “Ажилчдын орон тооны хувьд бага ажиллаж байна. Цар тахлын үед ажилчид өөрсдийн аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж байгаа. Халдварт өвчин дэгдсэн энэ үед үйлчлүүлэгчдийн тоо эрс буурсан. Өглөө эхний үзвэрүүд ихэнх тохиолдолд үзэгчгүй хоосон байдаг. Баасан гараг болон амралтын өдрүүдэд үйлчлүүлэгчдийн тоо нэмэгддэг. Одоогийн байдлаар манай кино театрт найман кино гарч байна” гэж хэллээ.
Онцолж хэлэхэд өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 22-нд “Веном-2” болон хошин урлагийн жүжигчин Д.Хүрэлхүүгийн 13 дахь бүрэн хэмжээний уран сайхны “Манайд нэг удаа” кино нээлтээ хийсэн байна. Үүнээс “Веном-2” кино үзэгчдийн дунд хүлээлттэй байжээ. Харин үзэгчид төдийгүй, кино шүүмжлэгч нараас сайн үнэлгээ авч, энэ жилийн Монгол шилдэг киногоор шалгарсан “Хөхөө” кино үргэлжлэн гарч байна.
Коронавирусний халдварын эрсдлээс сэргийлж, Монгол Улс 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Тэгвэл кино театруудын зохицуулалтад шинээр орж ирсэн шаардлага нь 12-оос дээш насны вакцинд хамрагдсан хүүхдүүдэд үйлчлэх, тэдний вакцины гэрчилгээнд үндэслэн дотогш нэвтрүүлэх юм. Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдэд үүсч болзошгүй эрсдлийг эцэг, эх нь хариуцна гэвэл хамт дотогш оруулах боломжтой аж. Харин дөрвөөс доош насны хүүхдүүдэд аль ч кино театр үйлчлэх боломжгүй гэдгийг кино театрын ажилчид хэллээ. Манай улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын үнэ мэдэгдэхүйц хэмжээнд өссөн билээ. Тэгвэл цар тахлын үед кино театруудын тасалбарын үнэ ч 1000-4000 төгрөгийн хооронд өссөн байгааг харж болохоор байна. Өмнө нь 8000 төгрөгөөр кино үзэж, 30 мянган төгрөгт өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой байсан. Харин одоо 30 мянган төгрөг нэг хүний киноны тасалбар, ундаа, попкорн худалдаж авахад л хүрэлцэх мөнгө болсон гээд хэлчихэд үнэнээс хазайхгүй нь бололтой.
Д.МЯГМАРЗАЯА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.