Барилгын салбарын МЕГА ТӨСӨЛ – “БАРИЛГА КЛАСТЕР”
Томоохон бүтээн байгуулалтууд ба ТОМ ӨӨРЧЛӨЛТ!
Далаад оны сүүлчээр “Эрдэнэт” үйлдвэр үүдээ нээж, наяад оны эхээр “Говь” комбинат ашиглалтад орох хүртэл Монголын эдийн засаг үндсэндээ мал аж ахуйд суурилж байв. Дулааны IV цахилгаан станц, Багануурын уурхай зэрэг эдгээр томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэнээр Монголын эдийн засагт бүтцийн өөрчлөлт орж, ганц салбарын хамаарлаас ангижирч, үйлдвэрлэгч орон болж болохуйц эхлэл тавигдаж байсан түүхтэй.
Өнөөдөр Монголын эдийн засгийн бүтэц ужиг асуудалтай байгаа ч, хэдэн арваны өмнөхийг энд дурдахын учир нь бодлого, нотолгоонд суурилсан бүтээн байгуулалтуудыг цаг хугацаа алдалгүйгээр хийх нь, тэдгээрийн үйл ажиллагааг тогтвортой байлгах нь эдийн засгийн бүтцэд реформ хийдэг болохыг тодотгох гэснийх юм.
Монголын эдийн засаг тэдэн хувиар өслөө, буурлаа гэсэн шинэчилсэн статистик мэдээллийг та бид улиралд тутам сонсдог. Тухайлбал, 2019 онд 5.6 хувиар өссөн эдийн засаг 2020 оны эхний улиралд ковидын улмаас 10.1 хувиар унасан бол 2021 оны эхний улиралд 14.8 хувиар өслөө гэхчлэн үзүүлэлтийг статистикчид танилцуулдаг.
Эдгээр хувь хэмжээ мэргэжлийн бус хүмүүсийн хувьд их л өндөр тоонууд мэт санагддаг байж болох. Гэтэл бодит байдал дээр уул уурхай, үйлчилгээний салбар дээр тэгнэсэн Монголын эдийн засаг 37 их наяд төгрөг буюу 13 тэрбум л ам.доллароор хэмжигдэж буйг, цаашлаад эдийн засгийн бодит багтаамжийг тэлэх шаардлагатай байгааг судалгаа харуулдаг.
Тэгэхээр эдийн засгийн багтаамж бодитоор тэлэхэд бүтцийн төрөлжилт нэмэгдэх, салбаруудын ДНБ-д эзлэх хувь хэмжээ өсөх шаардлагатай. Үүнд суурь өндөр ач холбогдолтой хэрнээ хөгжил нь сул явж ирсэн салбаруудын оролцоо тун чухал. Тухайлбал, барилгын салбар юм.
Түүнчлэн, 2002 оноос бизнесийн гараагаа эхэлсэн “Эрхэт Монгол” групп, барилгын салбарын 16 жилийн туршлагатай “Мегавүүд” компани хамтран “Барилга Кластер” төслийн хүрээнд Монголын анхны Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн цогц парк байгуулж буйг дуулгахад таатай байна.
Газрын баялгаа ухаж, нэмүү өртөг шингээлгүйгээр экспортолж олсон хэдэн ам.доллароо импортоор эргээд гадагшаа урсгачихдаг Монголын эдийн засгийг бүтцийн хувьд эрүүлжүүлэхэд уг бүтээн байгуулалт тодорхой хувь нэмэр оруулж чадна гэсэн том амбиц төслийн багт байгаа юм билээ.
2020 оны байдлаар Монгол Улсын нийт импортын 11 хувь буюу 1.708 тэрбум төгрөгийг барилгын материал эзэлж байна.
Тэгвэл ХХААХҮЯ-наас танилцуулсан судалгаагаар барилгын материалын эрэлт, хэрэгцээ 2030 он хүртэлх хугацаанд дараах байдлаар өсөхөөр төсөөлөлтэй байна. Энэ төсөөлөл тооцооллоос үзэхэд нийт импортод эзлэх барилгын материалын хэмжээ болон үнийн дүн цаашид ч нэмэгдэхээр байгаа юм.
Тэгэхээр "Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” бол уг өсөлтийг дагасан валютын урсгалыг гадагшаа урсгах биш дотооддоо шингээж үлдээхийн сацуу, эдийн засгийн макро, микро аль аль ач холбогдолтой төсөл болж байна.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвөөс 18 километрт, Налайх чиглэлийн хурдны зам дагуу, төмөр замын дэргэд 15,600 метр квадрат барилгын материалын 12 төрлийн үйлдвэр, агуулах, худалдааны төв бүхий "Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” үүдээ нээх гэж байна. Тус паркийн хүрээнд дараах үйлдвэрүүдийг шат дараатайгаар ашиглалтад оруулах аж.
- Хаалганы үйлдвэр
- Профилийн үйлдвэр
- Тавилгын үйлдвэр
- Ламинатан шалны үйлдвэр
- Плэнтусны үйлдвэр
- Өнгөт хавтангийн үйлдвэр
- Цонхны үйлдвэр
- Будгийн үйлдвэр
- Төмөр хийцийн үйлдвэр
- Шилэн арматурын үйлдвэр
- Хуванцар эд ангийн үйлдвэр
- Термополистирол хөөсөнцөр блокны үйлдвэр
"Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн ТУЗ-ийн дарга, “Мегавүүд” компанийн ерөнхий захирал Ц.Ариунбат хэлэхдээ: “2005 оноос хойш 16 жилд үйлдвэрлэлийн тал дээр нэлээн туршлага суусан. Цаашдаа хөгжлийн бодлогыг яаж төлөвлөх вэ, өшөө яаж хөгжиж, дэвжих вэ гэдэг дээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд илүү анхаарч, үйлдвэрлэл технологийн парк буюу 15 мянган метр квадрат үйлдвэрийн барилгыг барьж дуусгаад байна. Хамгийн сүүлийн барилга нь 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Эхлээд бол үйлдвэр технологийн парк гэхээсээ модон материалын үйлдвэрлэл буюу ойн хаягдлыг ашиглаж шахмал хавтан үйлдвэрлэх, дээрээс нь тавилгын төрөл бүрийн хавтангууд үйлдвэрлэх зорилго агуулж байсан бол цаг хугацааны явцад эргээд харахад анхан шатны түүхий эдийн үйлдвэрийг энд байгуулалгүй, Завхан, Сэлэнгэ гэсэн ойн сан бүхий аймгуудад байгуулах нь зөв юм байна гэж үзсэн. Харин барьж байгуулсан үйлдвэрээ барилгын материалын худалдаа үйлдвэрлэл технологийн парк болгоё. Энд 12 үйлдвэрээс гадна худалдааны төв байгуулж, нэг цэгийн үйлчилгээ хэлбэрээр шийдэж өгснөөр хэрэглэгчид 100 айл руу 100 явах биш, нэг дороос хэрэгцээгээ хангаад авчихдаг байх нөхцлийг бүрдүүлье гэсэн зах зээлээ бодсон, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг бодсон шийдвэр гаргасан. Гаргасан шийдвэрээ хэнтэй хамтран хэрэгжүүлэх вэ гэдэг үүднээс олон харилцагч, олон сайн танил найз нөхдийн хүрээнд ярилцаж байгаад “Эрхэт Монгол” группыг сонгож авсан” гэсэн юм.
Харин уг төслийн удирдагч Х.Мандахбаяр хэлэхдээ: “Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн паркийн төсөл их онцлогтой, 16 жил хэрэгжүүлсэн сайн төсөл. Маш багаас нь шав тавихаас, хаалганы үйлдвэрээс эхлүүлээд өнөөдрийн үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийг бүтээн босгох хүртэл “Мегавүүд” компани маш амжилттай ажиллажээ.Үндэсний компани өөрийнхөө хүч чадлаар, менежментээр, санхүүгээр энэ төслийг өнөөдрийг хүртэл ямар ч байсан босгосон.
Харин цаашдаа яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр бид санал солилцоод, үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, одоогийн ярьж байгаа 12 үйлдвэрийг кластер хэлбэрээр хөгжүүлэх, “Мегавүүд” компанийн өнөөдрийг хүртэл барьж ирсэн үндсэн зарчим, бизнесийн бодлогыг арай өргөтгөх хэлбэрээр 12 үйлдвэр байгуулахаар болсон. Улмаар өнөөдөр энэ төслийг биетэй болгож, албан ёсоор олон нийтэд танилцуулж байна” гэв.
Мөн тэрбээр уг төслийн нөлөөллийн талаар “Нийгэмд үзүүлэх үр нөлөөг олон талаас нь харж болно л доо. Үйлдвэрлэлийг кластер хэлбэрээр зохион байгуулаад ирэхээр, нэн тэргүүнд гарах үр дүн бол барилгын материалын үнэ буурах юм. Барилгын материалын үнэ буурснаар орон сууцны үнэ буурах боломж бүрдэнэ. Энэ бол эргээд нийгэмд үзүүлж байгаа хамгийн том үр нөлөө, маш бодитой үр ашиг. Нөгөө талд импортыг орлох бараа бүтээгдэхүүн бодитойгоор бий болж байна. Нийт импортын 13 орчим хувийг барилгын материал эзэлж байгаа. Энэ төсөл хэрэгжээд эхэлснээр гадаад худалдааны балансад маш том эерэг нөлөө үзүүлэх гэж байна. Цаашдаа экспортод гарах бүтээгдэхүүний нэр төрөл энд хөгжиж байна” гэсэн юм.
Харин “Эрхэт Монгол” группын “Барилга кластер” ХХК-ийн санхүүгийн менежер Г.Анхбаяр “Монгол Улсын импорт 2020 оны байдлаар 599 сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөг байсан. Бидний хийх гэж байгаа “Барилга кластер” төслийн зорилго нь импортыг орлох, дунд хугацаандаа экспортод гаргана гэсэн том амбицтай төлөвлөж ажиллаж байгаа. Ирэх гурван жилийн хугацаанд нийтдээ 1 их наяд төгрөгийн борлуулалт хийнэ гэж төсөөлсөн” гэлээ.
“Эрхэт Монгол” группын “Барилга кластер” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирал М.Зоригтбаатар хэлэхдээ “Энэ хэмжээний валют Монголд үлдэнэ. Тооцоо судалгаагаар хэлэх юм бол 1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэнэ. Бидний хувьд өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан, үйлдвэрлэлээ явуулж, импортын валютын урсгалыг дотооддоо үлдээх юм” гэв.
Тэгвэл Ц.Ариунбат захирал үйлдвэрлэлийн хүчин чадал ашиглалтын талаар “Зах зээлийн нөхцөл байдлаас хамаараад 60-70 хувийн ачаалалтай үйлдвэрлэл ажиллана. Үйлдвэрлэлийн үлдэж байгаа нөөцийг экспортод чиглүүлнэ” гэсэн юм.
Тэгэхээр "Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” дотоодын барилгын салбарт импортыг орлосон бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхийн сацуу үйлдвэрлэлийнхээ 30-40 хувийг экспортод чиглүүлсэн хосолмол хийгээд цогц бодлого барьж ажиллах аж.
Дашрамд дурдахад, 2015 онд батлагдсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын эхний үе шатанд Үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, үндсэн түүхий эдийг дотооддоо боловсруулж, техник, технологийг нутагшуулан экспортыг дэмжих, импортыг орлох, Хоёрдугаар үе шатанд экспорт давамгайлсан өндөр технологи, машин тоног төхөөрөмж, химийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, гуравдугаар үе шатанд мэдлэгт суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлж, үйлчилгээ болон технологийн экспортыг дэмжин хөгжүүлнэ гэж заасан байдаг.
"Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” нь энэхүү төрийн бодлогод нийцтэй, том зургаараа эдийн засагт томоохон үр ашигтай төсөл юм. Түүнчлэн уг төслийн үйл ажиллагаатай УИХ-ын дарга болон нийслэлийн удирдлага танилцаад байна.
Төслийн удирдагч Х.Мандахбаяр “Бидний одоогийн хийсэн төлөвлөгөөгөөр маш даруухан тооцоход, 12 үйлдвэр 100 хувь хүчин чадлаараа ажиллаад ирэхэд жилд 100 гаруй сая ам.доллар буюу 300 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллана. Үйлдвэрлэлийг кластер хэлбэрээр зохион байгуулснаар одоогийн уламжлалт хэлбэрээр зохион байгуулж байгаа үйлдвэрүүдээс ашиг нь 30-70 хувь өсөхөөр тооцоо гарч байгаа.
Ирэх жил 300-320 мянган метр квадрат барилга байгууламж бүхий “Эрхэт Монгол” цогцолбор төсөл хэрэгжүүлнэ. Энэ нь өөрөө их хэмжээний бараа материал шаардана. Төслийн менежментийн багийн хамгийн сайн төлөвлөж чадаж байгаа зүйл бол бид энэ үйлдвэрүүдийн маш сайн худалдан авагч байж чадаж байгаа. Олон ажлын байр бий болно. Нэр төдий төсөл биш” гэж байна.
Мөн тэрбээр "Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн үйл ажиллагаанд илүү ил тод нээлттэй засаглалыг сонгоно. Бид үйлдвэрлэлийн орчин нөхцлөө бэлдээд байна. Төсөлдөө Монголын үндэсний компаниудаа урьж байна. Илүү олуулаа байгаа үедээ үр ашигтай бизнесийг бий болгож чадна. Нэгдэл хэлбэрээр анхны цогц үйлдвэрийг бий болгоё” гэсэн бол Ц.Ариунбат захирал мөн “Хувьцаа гаргаж ард иргэдийг оролцуулах, бодлогын холимог системийг бий болгох” талаар хэлсэн.
Төгсгөлд нь тодотгоход, "Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн үйл ажиллагаа дараах үр дүнгүүдийг дагуулна.
- Бүх нэр төрлийн барилгын материалыг орчин үеийн стандартад нийцсэн тохилог орчинд худалдан авах Улаанбаатар болон Монгол Улсын өнцөг булан бүрт тээвэрлэн хүргэх худалдаа, тээврийн нэгдсэн систем бий болно.
- Жилд 100 гаруй сая ам.доллар буюу 300 тэрбум төгрөгийн барилгын материал үйлдвэрлэнэ.
- Барилгн материалын худалдан авалт, тээвэртэй холбоотой зүүн болон төвийн бүсийн 6 аймаг, 8 том хотын Улаанбаатар хот руу чиглэсэн ачаа тээврийн зорчих хөдөлгөөнийг багасгана.
- Үйлдвэрийн ажилчид бөгөөд худалдаачдын 1,200 айлын хотхон байгуулагдаж, нийслэл хотын төвлөрлийг бууруулна.
- Барилгын материал худалдан авч буй иргэд байгууллагуудын цаг зардлыг үлэмж хэмнэнэ.
- Монголд анх удаа кластерын зохион байгуулалттай үйлдвэрийн цогцолборыг бий болгож шууд ажлын байр 700, нэмэлтээр 500 ажлын байр үүснэ.
- Монгол Улсын нийт импортыг 100 сая доллар хүртэлх хэмжээгээр бууруулж гадаад худалдааны балансад мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлнэ.
- Барилгын материалын өртгийг бууруулснаар орон сууцны үнэ хямдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.