БНСУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо эрс нэмэгджээ.

БНСУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо эрс нэмэгджээ.

10 дугаар сарын сүүлчийн амралтын өдрүүдэд өргөн дэлгэр тэмдэглэсэн Хэллоуины баярын дараа БНСУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо эрс нэмэгджээ.

Тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр, 11 дүгээр сарын 3-ны лхагва гарагт “COVID-19”-ийн халдварын 2 482 шинэ тохиолдол илэрсэн байна. Нэг өдөрт халдварын 2500 орчим шинэ тохиолдол хоёр өдөр дараалан бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад мянга орчмоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд өвчлөл цаашид нэмэгдэхийг үгүйсгэхгүй байна.

Түүнчлэн 11 дүгээр сарын 1-нээс эхлэн хорио цээрийн дэглэмийг сулруулсантай холбоотойгоор өвчлөлийн тоо нэмэгдэж магадгүй байна. Тухайлбал, нийтийн хоол, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтыг цуцалжээ. 

Сөүл, Инчон хотууд болон Кёнги муж ордог нийслэлийн бүсэд өвчлөлийн түвшин улсын дунджаас давсан хэвээр байна. Лхагва гарагт илэрсэн шинэ тохиолдлуудын 80.1 хувь нь нийслэлийн бүсэд бүртгэгджээ. Долоодугаар сарын 7-ноос хойш дөрвөн сар орчмын хугацаанд Өмнөд Солонгост өдөрт халдварын мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчлөлийн дундаж тоо 10 дугаар сарын 8-наас 2000 давж, 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 3-ныг хүртэлх долоо хоногт 2102 болжээ.

Цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо 373.1 мянгад хүрч, 2919 хүн нас барсан байна. Одоогийн байдлаар нийт хүн амын 79.7 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 75.2 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.