Д.Сумъяабазар: Тулгуурт гүүрэн нийтийн тээвэр 2024 оноос явж эхэлнэ
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулсан 420 тэрбум төгрөгийн задаргааг хэлэлцсэн байна. Энэ талаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын хөгжлийн тушаа болж байсан зүйл бол эрх зүйн боогдмол, түгжигдмэл байдал юм. Үүнээс болоод нийслэлийн эдийн засгийн тэлэлт, өөрсдөө авах арга хэмжээ нь төдийлөн оновчтой явж байгаагүй. Энэ 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг бид сууриар нь засах асуудлыг өнгөрсөн жилийн хугацаанд хийж ирлээ. Өнгөрсөн нэг жилд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэдэг гол хууль батлагдсан.
Тус хуульд Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих олон заалтууд орсны үр дүнд нийслэл хөгжлийнхөө шанг татах алхмыг хийж эхэллээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар баталсан. Үүнтэй уялдуулж төвлөрлийг задлах чиг үүрэг бүхий тогтоол гарсан.
Энэ тогтоолоор Улаанбаатар хот өөрийнхөө эх үүсвэрээр буюу төсөвт шилжүүлдэг байсан 420 гаруй тэрбум төгрөгийг хотдоо хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдээх боломжтой болж байгаа. Тийм учраас нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн хувьд цаашдаа манай хот шинэ эрх зүйн боломж тэлсэн, шинэ эдийн засгийн үүд хаалга нээсэн, засаг захиргааны шинэчлэл хийсэн чиглэлтэйгээр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэдэг бодлоготой байна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг нарийвчлалтайгаар та бүхэнд задлаад хэлье.
Тэгэхээр 2022, 2023, 2024 онд дараалсан байдлаар 420 тэрбум төгрөг эх үүсвэрийг суулгахаар болж байгаа гэсэн үг. Энэ санхүүгийн эх үүсвэр тухайн жилдээ батлагдсан хэмжээгээрээ төсөв нь зориулагдаж дуусах хуультай. Бид ирэх гурван жил хийж хэрэгжүүлэх нийт есөн бүлэг ажлыг Засгийн газарт танилцуулсан.
Нэгдүгээрт: Улаанбаатар хотын авто сүлжээн дэх гудамж, замуудыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Зарим дутуу хийгдсэн ажлууд ч байна. Түүнийг гүйцээх хүрээнд зургаан байршил дээр 21.5 км авто зам өргөтгөж барих ажил 2022 онд хийгдэнэ. Мөн ирэх гурван жил энэ замууд дээр 354 тэрбум төгрөг тавих төсөөллийг оруулж ирж байгаа. Энэ бол түгжрэлийг бууруулах гол ажлуудын нэг гэж харж байгаа.
Хоёрдугаарт: Газар чөлөөлөлттэй холбоотой зайлшгүй хийх ажил бий. Манай Улаанбаатар хотод газар чөлөөлнө гэдэг хамгийн хүнд асуудлуудын нэг. Үүнийг хийхэд хөрөнгө санхүү дутагдалтай байгаагаас Улаанбаатар хотын ажлууд уддаг, хойшилдог. Мөн гадаадын эх үүсвэрээр ажил явахад хойшлуулдаг. Яагаад гэвэл газар чөлөөлөлтийн асуудал бол нэлээд ярвигтай, хувь хүний өмч, эзэмшилтэй тулдаг. Тиймээс Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагатай хамтраад Улаанбаатар хотын авто замын тогтвортой хөгжил, түгжрэлийг буруулах ажлын хүрээнд 13.5 км трассын дагуу 499 нэгж талбар буюу нийт газар чөлөөлөлтийн зардал дээр 169.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.
Гуравдугаарт: Улаанбаатар хотод Бага тойруугийн бүс дээр хамгийн их түгжрэл үүсдэг. Бага тойруу дээр 2300 төлбөртэй гражийг зайлшгүй хийж өгөх ёстой гэдэг ажлыг оруулж ирсэн. Үүнд, 13.8 тэрбум төгрөгийг төсөвлөж, 2023 онд ажил хийхээр оруулж ирж байгаа.
Дөрөвдүгээрт: Авто замын түгжрэлийг үүсгэж байгаа томоохон шалтгааны нэг бол уулзваруудын нэвтрэх чадамжийн асуудал юм. Нэвтрэх чадамжийн харилцан адилгүй, тэнцвэргүй байгаа асуудлуудыг зохицуулах үүднээс Улаанбаатар хотын 30 байршил дээр дахин авто замын инженерчлэл хийхээр 30 тэрбум төгрөгийг бас төсөвлөсөн.
Тавдугаар: ухаалаг тээврийг хөгжүүлж зам тээврийн нэгдсэн системд оруулах зайлшгүй шаардлага бий. Тиймээс Улаанбаатар хотод ухаалаг удирдлагын нэгдсэн системийн зохицуулалт хийхээр болсон.
Зургаадугаарт: 2009 оноос хойш Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг дорвитой өөрчлөөгүй. Өнөөдөр хотын нийтийн тээврийн хэрэгслийн 75 хувь нь стандарт хангахгүй, шаардлагад нийцэхгүй гэдэг дүгнэлтэд хүрч байгаа. Тийм учраас орчин үеийн шийдэл бүхий, зорчигчдод ээлтэй, ая тухтай байх үүднээс 500 автобус оруулж ирэх зохицуулалт хийхээр төлөвлөсөн. Гэхдээ энэ ажил 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр хийгдэхгүй, өөр эх үүсвэрээр зохицуулна.
Долоодугаарт: Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр нэр томьёоллыг анх удаа Засгийн газрын хуралдаанд оруулж байна. 70 км цагийн хурдтайгаар хот доторх нийтийн тээврийг зохицуулах шинэ ажил юм. Үүний урьдчилгаа 10 хувьтай тэнцэх 130 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бусад эх үүсвэрээс зохицуулахаар бид ярилцаж байгаа. Уг ажил 420 тэрбум төгрөгийн хүрээнд ороогүй. Үүнд бодитой дэмжлэг үзүүлэхээ Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр албан ёсоор илэрхийлсэн. Тулгуурт гүүрэн тээврийн байгууламж гурван үе шаттай хэрэгжинэ. Эхний ээлжинд нийтийн тээврийн хэрэглээнд нэвтрүүлэхдээ 13 буудалтайгаар нийт 500 орчим мянган иргэн хамрахаар тооцсон. Энэ ажлын ТЭЗҮ-ийн гүйцэтгэл 85 хувьтай явж байгаа. Өвөлдөө багтааж дуусгаад ирэх тавдугаар сараас тулгуурт тээврийн өрөмдлөгийн ажлууд эхэлнэ. Эхний ээлжинд 800 орчим баганын өрөмдлөг хийнэ.
Бид 2024 онд багтаж эхний трассыг ашиглалтад оруулахаар зорьж байгаа. Эхний трасс Нисэхийн тойргоос Сансрын тойрог хүртэл байна. Харин хоёр дахь нь Гэгээнтнээс Зунжин хүрнэ. Гурав дахь нь Толгойт дэд төвөөс Шар хад төв орох юм. 2022-2028 онд бүх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Богд хан төмөр замын трассын ажилд газар чөлөөлөхөд 30 орчим тэрбум төгрөг зарцуулна. Цаашдаа явган болон дугуйн замын хөдөлгөөнийг нэмэгдүүлэх хүрээнд нийт 242 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг оруулахаар болж байгаа.
Энэ ажлуудыг хийхэд бидэнд чадварлаг, мэргэжлийн сайн боловсон хүчин хэрэгтэй. Тэгэхээр нэгж байгуулах асуудал дээр бид 4.8 тэрбум төгрөг тавьсан. Ийм есөн асуудлыг Засгийн газар дэмжиж, нийслэл хот санхүү эдийн засгийн түүхэн шийдвэрээ гаргууллаа” гэсэн юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.