Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ойн судалгаа, хөгжлийн агентлаг байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор БОАЖЯ-наас зохион байгуулж буй ойн салбарын Үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын төрийн тэргүүн “Тэрбум мод ургуулах” санаачилгыг НҮБ-ын индрээс тунхаглан зарласан нь зөвхөн эх орныхоо цөлжилт, газрын доройтол, ой мод, ойн сан, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй уур амьсгалын нөлөөллийг бууруулж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний үйлсэд монголчууд та бидний оруулж буй хувь нэмэр, чухал үйлсийн тод илэрхийлэл юм” гэдгийг онцоллоо.
Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний өмнө тулгамдсан хамгийн ноцтой асуудал болоод байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар баталсан Тогтвортой хөгжилд хүрэх 17 зорилгын нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах явдал юм. Монгол Улсын хувьд ч уур амьсгалын өөрчлөлтөд нэн их өртөж байгаа улс орны нэг юм. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилт, хөрсний доройтолд өртөөд байна. НҮБ-ын судалгаагаар нийт бэлчээрийн 90 хувь нь цөлжилтөд өртөх эрсдэлтэй гэж дүгнэжээ. 1990 оноос хойш 30 жилийн хугацаанд ой мод ашиглах зөвшөөрөгдсөн хэмжээнээс дөрөв дахин ихийг хууль бусаар хэрэглэжээ.
Ганцхан жишээ дурдахад, манай улсад олон зуун гол горхи, булаг шанд ширгэж, усны нөөц хамгийн бага 20 орны нэг гэдэг аюулын харанга дэлдсэн үзүүлэлт жилээс жилд урагшлах, улмаар хүн, мал дайжин эзэнгүйдэх газар нутгийн хэмжээ нэмэгдэх эрсдэл үүсэж байгаа нь бодит үнэн юм.
Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол ойг нөхөн сэргээх, ойжуулалтын үр дүн, чанарыг сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлэх, ойн шавжтай тэмцэх, түймрээс сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, арчилгаа, цэвэрлэгээг эрчимжүүлэх, элсний нүүдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг билээ.
Миний бие Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хорооны даргын хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ажил хэрэг болгож, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Ногоон хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг зориулан ажиллах болно гэдгээ илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах Ойн судалгаа, хөгжлийн агентлагийг байгуулахаар шийдвэрлэсэн.
Ойжуулалтын энэхүү зөвлөгөөний үндсэн зорилго бол Та бидний цаашид хамтран зохион байгуулах, богино, дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө гэж үзэж байна. “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж, 600 гаруй сая мод тарьж, арчлахаа илэрхийлсэн эрхэм баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэндээ гүн талархал илэрхийлье!
Засгийн газрын энэ 7 хоногийн хуралдааныг аймаг, нийслэлийн Засаг дарга нартай өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж, Засгийн газрын түвшинд холбогдох шийдвэрийг цаг алдалгүй гаргах болно. Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг дүгнэх Засгийн газрын холбогдох журамд мод тарих, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх, энэ чиглэлд иргэд, ААН-ийн санаачилгыг дэмжих зэрэг чанарын үзүүлэлтийг энэ хурлаар шийдвэрлэнэ. Цаашид Засгийн газар хөгжлийн стратеги зорилго, үйл ажиллагаандаа ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө улс төрийн манлайлал үзүүлж ажиллах болно гэв.
Ойчид, ойн салбарын ажилтан, эрдэмтэд, судлаачид Та бүхний дэвшүүлсэн санал, санаачилгыг хэрэгжүүлэх, судалгааны үр дүн, инновац, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас онцгойлон дэмжиж ажиллана гэдгийг тэрээр илэрхийлж, “Та бидний өмнө ноцтой тулгамдаж, ирээдүйн амьдрал, хөгжлийг хязгаарлаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд хүн бүр манлайлан оролцохыг нийт ард иргэддээ Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд уриалж байна” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.