Сангийн болон Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа

Сангийн болон Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2021.11.24/ Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа. 

Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл 

УИХ Төрийн бус байгууллагын тухай бие даасан хуулийг 1997 онд баталсан. 24 жилийн хугацаанд нийгмийн өөрчлөлтийг дагаж төрийн бус байгууллагууд сангийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэрт ч томоохон өөрчлөлтүүд гарсаар байна. Энэхүү өөрчлөлтийн дагуу ТББ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, тусгайлан ТББ-ын хэлбэр тус бүрээр буюу холбоо, сангийн зохицуулалтыг нарийвчлан хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээн хууль санаачлагчид үзжээ. 

Төрийн бус байгууллагын тухай хуулийн зохицуулалт сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг ерөнхий байдлаар зохицуулсан, нарийвчлан зохицуулаагүй, энэ хуулиар зохицуулах боломжгүйн зэрэгцээ эрх зүйн шинэчлэлээс хоцорч, улмаар зохицуулалтын хувьд бусад хуулиудтай уялдахгүйд хүрсэн байна. Мөн ФАТФ-ын 8 дугаар зөвлөмж, 1 дүгээр шууд хэрэгжилтийн дагуу 2020 оны 3-аас 6 дугаар сарын хооронд хийгдсэн Монгол Улсын ашгийн бус байгууллагын салбарын  терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээгээр тэдгээрийн эрсдэл нь 0.46 оноо буюу дунджаас доогуур үнэлэгдсэн байна.  

Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2018 онд нийт 19260 гаруй ТББ бүртгүүлснээс 366, 2019 онд 21040 бүртгүүлснээс 406 ТББ үйл ажиллагааны тайлангаа ирүүлсэн байдаг. Төрийн бус байгууллагын тухай хуулиар сангаас бусад нь дүрэмдээ заагаагүй бол үйл ажиллагааны тайланг олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээдэггүй, зөвхөн тайланг хуульд заасан бүртгэлийн байгууллагад илгээх үүрэг хүлээж байна.

Тогтвортой, үр дүнтэй, хариуцлагатай ТББ-ыг хөгжүүлэх, тэдэнд үзүүлэх олон нийтийн дэмжлэгийг өргөжүүлэхэд ТББ ялангуяа сан нь өөрөө олон нийтэд нээлттэй байх зарчим чухал ч өнөөгийн байдлаар сангийн тайлагнах үүрэг, журмыг хангалттай үр нөлөөтэй байдлаар зохицуулж чадаагүй байна. Иймд Төрийн бус байгууллагын тухай хуулийг Иргэний хуулийн суурь зохицуулалт, нэр томьёонд нийцүүлэн ашгийн төлөө бус хуулийн этгээдийн нэг төрөл болох сангийн зохицуулалтыг тусгайлан нарийвчлан зохицуулахаар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлан уг хуулийн төслийг боловсруулсан байна. 

Сангийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийн нэг хэлбэр болох сангийн хэлбэрээр ажиллах нөхцөл бүрдэж, эрх зүйн зохицуулалтын хүрээнд үүсээд байгаа зөрчил, хийдэл арилж, нарийвчилсан зохицуулалттай болно.

Хувийн болон нийтийн сан нь татвар төлөгчөөр татварын байгууллагын бүртгэл, хяналтад орсноор ашгийн төлөө бус байгууллагаар халхавчлан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа санг ялгах, хариуцлага тооцох боломж бүрдэх юм байна. 

Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл

Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэрийг Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болгон өөрчлөн боловсруулсан байна. 

Хуулийн төсөлд холбооны эрх зүйн байдлыг Иргэний хуульд заасан ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрөлд нийцүүлэн тодорхойлж, иргэд эвлэлдэн нэгдэх эрхээ хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүйгээр хэрэгжүүлэх боломжийг тодруулсан, холбооны санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад анхаарч, аж ахуйн үйл ажиллагаа, нийтэд тустай үйл ажиллагааг төлбөртэй үзүүлэх, орлогыг дүрэмдээ заасан зорилгодоо зарцуулах нөхцөл, журмыг нарийвчлан тодорхойлсон байна. 

Мөн төрийн зарим чиг үүргийг холбоогоор гэрээлэн гүйцэтгэх нөхцөлийг үл ялгаварлах, нээлттэй, ил тод байх, хараат бус байдлыг хүндэтгэх, урьдчилсан магадлан итгэмжлэл үүсгэх замаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийн өрсөлдөх боломжийг хязгаарлахгүй байх зэрэг нийтлэг зарчимд нийцүүлэн төр, холбооны хамтран ажиллах харилцааг бизнесийн байгууллагаас ялгаатай байдлаар тодорхойлсон зэрэг асуудлуудыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар холбоо нь татвар төлөгчөөр татварын байгууллагын бүртгэл, хяналтад орсноор ашгийн төлөө бус байгууллагаар халхавчлан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа холбоог ялган зааглах, хариуцлага тооцох боломж бүрдэнэ.Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх санг байгуулан ажиллуулснаар иргэний нийгмийн нийтлэг хөгжлийн асуудлуудаар төртэй харилцах, хамтран ажиллах, түншлэлийн үр дүн нэмэгдэхийн зэрэгцээ тус зөвлөлөөр дамжуулан ашгийн төлөө бус хуулийн этгээдийн чадавхыг бэхжүүлэх, дотоод засаглал, ёс зүйн, хариуцлагыг сайжруулах, олон нийтийн ойлголт дэмжлэгийг нэмэгдүүлэх тогтолцоог бүрдүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улс тунхагласны баярт зориулсан 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. 2021-11-24

Замын-Үүд-Эрээний хилийн цэгт дулаалгатай чингэлэг солилцдог болно 2021-11-24

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХБНГУ-ын Элчин сайд Ё.Розенбергийг хүлээн авч уулзав. 2021-11-24

“Шар” түвшинд шилжих журмыг Засгийн газарт ирэх долоо хоногт танилцуулна 2021-11-24

Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11 даваатай ганцаараа тэргүүлж эхлэв. 2021-11-24

Сангийн болон Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа 2021-11-24

ӨРНИЙН ЗУРХАЙ 2021.11.25. 2021-11-25

Шинжилгээгээр коронавируст халдварын 711 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-11-25

Гадаадын иргэний баримт бичгийг шуудангаар хүргэж байна 2021-11-25

Визийн зөвшөөрлийн хүсэлтийг ирэх сарын 1-нээс цахимаар хүлээн авна 2021-11-25

БНХАУ, Монгол Улсын хэвлэл мэдээллийн форумыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. 2021-11-25