Гадаадын иргэдийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авч эхэллээ

Гадаадын иргэдийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авч эхэллээ

Гадаадын иргэн, харьяатын газар өнөөдрөөс /2021.12.01/ эхлэн гадаадын иргэдийн бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэллээ. Тодруулбал, Гадаадын иргэнийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын визийн зөвшөөрлийн хүсэлтийг  https://immigration.gov.mn  –ээр зөвхөн цахим хэлбэрээр хүлээн авч, яаралтайгаар ажлын 3 хоног, энгийнээр ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх юм.

Хэрэв визийн зөвшөөрөл хүсэхдээ шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн тохиолдолд виз, визийн зөвшөөрлийг олгохоос татгалзах бөгөөд тухайн тохиолдолд бүртгэлтэй цахим хаягаар хариу мэдэгдэх юм.

Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг бөгөөд олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.

Цахимаар визийн зөвшөөрөл хүсэх дараалал: 
1.    https://immigration.gov.mn  хандах
2.    “Визийн зөвшөөрөл” хэсэг рүү нэвтэрч, тухайн иргэний ирэх хугацаа, зорилгод тохирсон ангиллыг сонгох
3.    Мэдээлэлтэй танилцаж, “Цахимаар үйлчилгээ авах” хэсгийг дарах
4.    Цахим үйлчилгээний системд бүртгүүлж, нэвтрэх эрх үүсгүүлэх 
5.    Бүрдүүлсэн баримт бичгээ зааврын дагуу оруулж, хүсэлтээ илгээх
6.    Визийн зөвшөөрлийн дугаарыг бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээнэ.

Эх сурвалж: ГИХГ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.