“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум болж байна.
Форумыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ, “Бид өнгөрсөн нэг жилд Улаанбаатар хотын хөгжил, цэцэглэлтийн төлөө УИХ, Засгийн газар, НИТХ-тай хамтран олон жилийн турш хуримтлагдсан асуудлыг нэгдмэл бодлогоор шийдвэрлэхийг зорилоо. Форумаар нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжлийн нөөц, бололцоог та бүгдийн оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд, үр дүнтэй ашиглах гарц, шийдлийн талаар санал солилцож, бодит ажил хэрэг болгохыг зорьж байна” гэв.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон 27 жил шинэчлэгдээгүй байсан, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсан. Ингэснээр Улаанбаатар хот 30 жил хуримтлагдсан олон асуудлаа шийдэх боломж бүрдэж байгаа. Ирэх оноос хэрэгжих энэ хуулиар нийслэл хотын эрх зүйн чадамж дээшлэх, хуульд заасны дагуу үнэт цаас гаргах, нийслэлд хэрэгжих төсөл, хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах, дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрджээ.
Улаанбаатар хотын хөгжлийн 2040 оны төсөөллийг Хотын дарга Д.Сумъяабазар дурдахдаа, "Хотын айл өрх 667 мянга, хүн ам энэ үед 2 сая 89 мянга гаруй болж, хоёр хотын шинэ төв, 5 дэд төв, 26 олон нийтийн төвтэй, түүнчлэн, сургуулийн тоог 84, цэцэрлэгийг 425-аар нэмнэ. Шинээр 1.738.8 км зам тавьж, олон түвшний 14 уулзвар, гүүрэн 30 байгууламж, нүхэн 9 гарц шинээр барьж, оргил цагийн хөдөлгөөний дундаж хурдыг 22.5 км/цаг болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн"-ийг онцлов.
УИХ-ын гишүүн бөгөөд УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга Э.Бат-Амгалан “Нийслэлд тулгамдаж буй олон асуудалд цэг тавьж, хамтран ажиллахаар санал нэгдэж, УИХ-д улс төрийн нам, эвсэл үл хамааран, 26 гишүүний бүрэлдэхүүнтэй түр хороог байгуулсан. Бид хот төлөвлөлт, замын түгжрэл, экологийн аюулгүй байдал зэрэг нийгэм, эдийн засгийн асуудлыг бодлогын түвшинд шийдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана” хэмээлээ.
Нийслэлийн хүн ам сүүлийн 30 жилд гурав дахин нэмэгдэж, одоогоор 1.5 саяд хүрээд байна. Үүнтэй уялдан хөдөлмөрийн насны нийт хүн амын 64.2, бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 69.2 хувь нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг.
Энэ үеэр Улаанбаатар хотын удирдлагууд ирэх жилүүдэд гаднын хөрөнгө оруулалтыг нэмэх, хотын эдийн засгийн чадавхыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжийг хангах, одоо хэрэгжиж буй олон улсын томоохон төсөл хөтөлбөрийг нэмэх зэрэг сэдвээр илтгэл танилцуулж, санал солилцож байна. Мөн авто замын түгжрэлийг шийдэх, хөдөлгөөнийг сайжруулах талаар харилцан ярилцлаа.
Форумд Нийслэлийн Засаг даргын урилгаар УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны гишүүд, Монгол Улсад суугаа Элчин Сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгчид оролцов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.