Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцов
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын 45 дахь удаагийн уулзалт энэ 11 дүгээр сарын 30-ны өдөр Нью-Йорк хотноо болов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэхүү уулзалтад цахим хэлбэрээр оролцож, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ цар тахлын хор нөлөө хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засагт хүндээр тусаж буй энэ цаг үед 77-гийн бүлгийн сайд нар цахимаар чуулж, "Ковид-19"-өөс үүдэлтэй бэрхшээл сорилтуудыг даван туулах, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй арга, туршлагаасаа хуваалцан, бодлого, шийдлийг хэлэлцэж байгаа нь чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэв.
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-тэй уялдуулан тууштай хэрэгжүүлж байгааг тэмдэглээд, эдийн засгийг сэргээх, ногоон хөгжлийн бодлого, хүн амыг шуурхай вакцинжуулахад чиглэсэн арга хэмжээнүүд үр дүнгээ өгч буйг онцлов.
Тэрбээр үгийнхээ төгсгөлд цар тахлын аюул арилаагүй байгаа өнөө үе болон түүний дараа Өмнөд-Өмнөдийн болон гурвалсан хамтын ажиллагааны ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэх болно гээд энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, тогтвортой хөгжлийн төлөөх дэлхий нийтийн үйлсэд Монгол Улс хувь нэмрээ оруулж, бүлгийн гишүүн улсуудтай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.