Өмнөд Африкт “омикрон” хувилбарын тохиолдол эрс нэмэгдэв.

Өмнөд Африкт “омикрон” хувилбарын тохиолдол эрс нэмэгдэв.

Өмнөд Африкт коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгааг тус улсын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд пүрэв гарагт мэдээлжээ. Тодруулбал, сүүлийн долоо хоногт коронавирусний халдварын тохиолдлын тоо 255 хувиар өссөн байна.

Өмнөд Африкийн судлаачид шинэ хувилбарын талаар хоёр долоо хоногийн өмнө дэлхий дахинд анх мэдээлсэн юм. Түүнээс хойш дэлхийн олон оронд уг хувилбараар халдварласан тохиолдлууд бүртгэгдээд байна. Гэвч дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн “омикрон” хувилбарын 1000 орчим тохиолдлын 46 хувь нь Африкт илэрчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хувьд уг хувилбараар халдварласан тохиолдолд бусад хувилбаруудтай харьцуулахад хөнгөн шинж тэмдэг илэрдэг байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа бөгөөд урьдчилсан мэдээллээс үзэхэд хүндээр өвчлүүлдэггүй байж магадгүй байдал ажиглагдсан байна.

Тэдний мэдээлснээр, Өмнөд Африкт эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн ердөө зургаан хувийг “COVID-19”-өөр халдварласан хүмүүс эзэлж байгаа аж. Гэсэн хэдий ч шинэ хувилбарыг бүрэн судлахад дахин хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.