ХИЛЭЭР ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Коронавируст халдвар /Ковид-19/-ын “Омикрон” хувилбараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гадаад улсаас ирэх хүмүүст тавигдах шаардлага, нэмэлт зохицуулалтыг үүгээр хүргүүлж байна. Үүнд:
Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улс, Ботсвана, Ангол, Эсватини, Лесото, Намиби, Замби, Малави, Мозамбик, Зимбабве болон Нигери Улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон болон дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Монгол Улсад хүлээн авахгүй.
Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улс, Ботсвана, Ангол, Эсватини, Лесото, Намиби, Замби, Малави, Мозамбик, Зимбабве болон Нигери Улсаас ирж буй Монгол Улсын иргэд болон Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг тусгаарлан ажиглах байранд 10 хоног тусгаарлана. Тусгаарлалтын 4 болон 8 дахь өдөр “бх-ПГУ” шинжилгээ авна.
Монгол Улсын агаарын болон авто замын боомтоор “орох” хөдөлгөөний чиглэлд улсын хил нэвтрэх 0-4 наснаас бусад бүх зорчигчдоос хилийн боомтод “бх-ПГУ” шинжилгээ авна.
Дээр дурдсанаас бусад улсаас ирэх зорчигчид болон 2 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэд, гадаадын иргэдийн хувьд дараах шаардлагууд хэвээр мөрдөгдөнө.
Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (Ковид-19) авч эдгэрсэн (нотлох баримт бичигтэй) гадаад улсаас ирж буй зорчигчдыг гэрийн 14 хоногийн ажиглалтаас чөлөөлнө.
Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаагүй, бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрөөгүй, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сараас дээш хугацаанд коронавируст халдвар (Ковид-19)-аар өвчилсөн гадаад улсаас ирж буй зорчигчдыг гэрийн 14 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.
Зорчигчид Монгол Улс руу зорчихоос өмнө 72 цагийн дотор коронавируст халдвар (Ковид-19)-ын “бх-ПГУ” шинжилгээ өгч, “сөрөг” хариу гарсныг нотлох баримт бичигтэй эсхүл дээрх хугацаанд өгсөн “бх-ПГУ” шинжилгээ нь “эерэг” гарсан тохиолдолд сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (Ковид-19) авч эмчлэгдэн, эдгэрснээ нотлох шаардлагатай.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын “Омикрон” хувилбарын тархалт, нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улс руу зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон гадаад улсын жагсаалт болон бусад холбогдох мэдээллийг Монгол Улсын Эрүүл мэндийн яамны цахим хуудас /www.moh.gov.mn/-ны “travel info” цэс, тус яамны www.consul.mn цахим хуудасны “Covid-19” цэснээс авах боломжтой.
Хязгаарлалт тогтоосон улсаас ирэх Монгол Улсын иргэд болон Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд тусгаарлан ажиглах байрны төлбөрийг Онцгой байдлын ерөнхий газрын /Хаан банк 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлнэ. Төлбөр хийхдээ гүйлгээний утга дээр овог, нэр, регистрийн дугаарыг бичнэ.
Тусгаарлан ажиглах байрны төлбөр: 0-3 насны хүүхэд үнэгүй, 4-12 насны хүүхэд хоногийн 50,000 төгрөг, 13-аас дээш насны иргэд хоногийн 100,000 төгрөг.
Тээвэрлэлтийн төлбөр: 0-5 насны хүүхэд үнэгүй, 6-12 насны хүүхэд 10,000 төгрөг, 13-аас дээш насны иргэд 20,000 төгрөг.
ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.