Нийслэл, орон нутгийн ИТХ, ЗДТГ-ын орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоов
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, нийслэл, дүүрэг, аймаг, сумын ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэх тухай тогтоол баталсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд, хамгийн том хязгаарлагч хүчин зүйлийг төрийн бүтээмжийн асуудал гэж тодорхойлжээ. Энэ хүрээнд төр өөрөөсөө шинэчлэлийн алхмыг эхлүүлнэ гэдгийг мэдээллийн эхэнд тодотгов. Энэ хүрээнд, аймаг, орон нутаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар зэрэг дунд болон дээд шатнаас эхлэн төрийн албан хаагчдын орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоож байгаа юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, "Төрийн байгууллагын бүтээмжийг сайжруулж, цомхон, чадварлаг бүтэцтэй ажиллах чиглэлд ахиц авчирсан том алхам боллоо.
- Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаар 35-аас хэтрэхгүй,
- Аймгийн ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаар 8-12-оос хэтрэхгүй,
- Сумын ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаар 3-4,
- нийслэлийн дүүргийн хүн амын тооноос хамаарч 8-21 байхаар тогтоосон.
- Аймгийн ЗДТГ-ын бүтэц, орон тооны хувьд, орон нутгийн онцлог нутаг дэвгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамаарч 34-46 хүртэл байхаар тогтоосон.
Аймгийн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт шинжилгээ хийж, хэлтэс, тасаг, агентлагийн хооронд чиг үүргийн давхардал үүсгэхүй, оновчтой зохион байгуулахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Дээрх тогтоол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ" хэмээв.
ИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тоог тухайн ИТХ-аас тогтоодог байв. Харин ирэх оноос хэрэгжих Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тухайн хязгаарыг Засгийн газар тогтоодог болж байгаа юм. Дээрх тогтоолыг баталснаар, 162 орон тоо хасагдаж байна.
Түүнчлэн ирэх онд төлөвлөгөөт хяналт шалгалтыг цөөлөх бодлого хэрэгжинэ. Энэ нь төр хяналтаа сулруулж байгаа хэрэг биш бөгөөд, цахимд суурилсан зайны хяналтын бүтэц рүү шилжиж байгаа хэрэг гэдгийг Сангийн сайд тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, УИХ болон Засгийн газрын харьяанд байдаг, ялангуяа хяналтын байгууллагаас зөвхөн хувийн хэвшил, иргэд рүү чиглэсэн хяналт, шалгалтыг 50 хувиар багасгахаар шийдвэрлэжээ. Харин төр өөрийгөө шалгадаг тогтолцоо буюу Төсвийн ерөнхийлөн захирагч нарын дотоод аудитын шалгалт хэвийн үргэлжилнэ.
Ажил хийж буй дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс цалин авч байгаа данхар бүтэц бий болсон байна. Тиймээс цаашдаа төр зөвхөн иргэдэд үзүүлэх төрийн бүх үйлчилгээнд суурилсан бодлого, шийдвэр, хяналтын чиглэлийг гүйцэтгэх цомхон, ухаалаг, ил тод бүтэц рүү чиглэнэ гэдгийг тодотгов. Энэ хүрээнд ТӨҮГ-ын бүтцийн оновчтой засаглалыг бэхжүүлэх ажлыг эхлүүлнэ гэв. Гэхдээ энэ нь он гарснаар, ТӨҮГ-ын албан хаагчдыг цомхотгон гэсэн ойлголт биш, дунд, урт хугацааны төлөвлөгөө гэдгийг сануулав. Тиймээс одоо үйлчилгээ үзүүлж байгаа төрийн албан хаагч нар нэгдэж хувийн аж ахуйн нэгжийн ямар нэгэн бүтцэд шилжсэнээр төр тухайн үйлчилгээг нь худалдаж авах замаар дунд, урт хугацааны ажлаа төлөвлөнө гэдгийг Сангийн сайд тайлбарлалаа.
Тэрээр, ЭМЯ-наас төсвийн шинэчлэлийн олон ажил хийгдэж буйг тодотгоод, нийгмийн гурван суурь салбар болох эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар төсвийн бүтцийн 70-80 хувийг эзэлж буйг дурдлаа. Тиймээс төсвийн шинэчлэл гэдэг нь агуулгаараа дээрх гурван суурь салбарыг шинэчлэх юм хэмээлээ.
Товч мэдээ:
Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ сард багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.
· Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон “Роснефть” НХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн төсөл болон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн үйл ажиллагааны талаар танилцуулав.
· Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл байдлын талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хилийн боомтуудаар нэвтрэх автозам болон төмөр замын ачаа тээврийг шуурхай нэвтрүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгав.
· 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 13-нд “Ковид-19” халдварын нийт 1469 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 786 тохиолдлоор буурчээ. Нийт хүн амын 70 хувь нэгдүгээр тунд, 66 хувь хоёрдугаар тунд, 25 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна.
· Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлтийн бодлого”, Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын талаар танилцууллаа.
· Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.