"Дубайн гэрээ"-г цуцалж, Монголын 34 хувийн өрийг тэглэхээ илэрхийлэв

"Дубайн гэрээ"-г цуцалж, Монголын 34 хувийн өрийг тэглэхээ илэрхийлэв

Рио тинто болон Туркойз хилл Ресурс компанийн удирдлагууд Оюутолгойн ордын үр өгөөжийг Монголын эрх ашигт нийцүүлэх талаар таван арга хэмжээ авах тухай захидал ирүүлсэн тухай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв. 

Монгол Улсын Засгийн газар болон холбогдох Түр хороо, ажлын багаас УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай дараах шаардлагыг тавьж, зөвшилцөхөөр өнгөрсөн хугацаанд санал солилцсон юм. Тодруулбал, Оюутолгойн үр өгөөжийг Монголын эрх ашигт нийцүүлэх, тэр дундаа 2015 онд байгуулсан "Дубайн гэрээ" гэх Далд уурхай бүтээн байгуулах санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, Эрдэнэс Оюутолгой компанийн талд үүссэн өмнөх өрийг тэглэх, төслийг ил тод, нээлттэй явуулах тухай санал солилцсон тухай Ерөнхий сайд мэдээллийн эхэнд тодотгов. 

Тэрбээр өнөөдөр түүний нэр дээр хаяглагдан ирсэн дээрх захидлын агуулгыг танилцууллаа. Тус захидалд,

Нэгдүгээрт, Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшилд ногдох 34 хувь буюу 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байгааг уламжилжээ. Ингэснээр, өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй юм. Энэ нь Эрдэнэс Оюутолгой компанийн 34 хувийн эзэмшлийн үнэ цэнийг нэмж, ногдол ашиг авах хугацаа наашлах сайн талтай. Үндсэндээ 34 хувийн ашгийг Монголын ард түмэн үнэгүй авч байгааг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.

Хоёрдугаарт, Далд уурхай бүтээн байгуулах санхүүжилтийн төлөвлөгөө буюу "Дубайн гэрээ"-г энэ захидал очсон цагаас дуусгавар болж байгааг дурдсан байна. 

Гуравдугаарт, Оюутолгойн далд уурхай бүтээн байгуулах төслийн санхүүжилтийн өмнө нь зарцуулсан дүнд Монгол Улсын Засгийн газар хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрсөн байна. Уг дүгнэлтэд үндэслэн Монголын газар нутаг дээр зарцуулаагүй хөрөнгийн зөрүү гарвал хөрөнгө оруулагч тал хариуцан нөхөн төлбөр олгоно гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.

Дөрөвдүгээрт, гүний уурхай ашиглалтад ороогүй хугацаа алдаж, 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Энэ хүртэл гарах зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцахаа тэмдэглэсэн байна. 

Тавдугаарт, Оюутолгой компанийн засаглалыг сайжруулах, монголын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээ хангах гэрээ байгуулах, байгаль орчны асуудлаар хамтран ажиллах саналыг дурдсан байна. 

Дээрх шийдвэрийг гаргахад хөрөнгө оруулагчдын хувьд амаргүй байснаа илэрхийлж, энэ нь Монгол Улсад шилжүүлж буй томоохон үнэ цэн, цаашдын хамтын ажиллагааны чухал том итгэлцлийн суурь болсныг дурджээ. Мөн УИХ-ын 92 дугаар тогтоол хэрэгжсэн гэж үзэж байгаагаа захидалд тэмдэглэж, арбитрын маргааныг түдгэлзүүлж ажлын багийн түвшинд зөвшилцөх саналаа илэрхийлсэн байна. Хэрэв ажлын багийн түвшинд зөвшилцөж чадвал 2022 оны нэгдүгээр улиралд багтаан гүний уурхайн бүтээн байгуулах ажлыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Тэрбээр, өнгөрсөн хугацаанд дэмжиж, хамтран ажилласан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Түр хороо, ажлын багт талархал илэрхийлээд, "Бүх зүйл өргөс авсан юм шиг нэг өдөрт шийдэгдсэн гэсэн үг биш. Гэхдээ зөвшилцөл амжилттай болж сүүлийн 12 жилийн хугацаанд яригдсан асуудалд хөрөнгө оруулагч тал буулт хийж үр дүнгээ өглөө. Дотоод талдаа итгэлцэл, эв нэгдлийг илэрхийлэх, гадаад орчинд дараагийн хөрөнгө оруулалтад Монгол Улс бэлэн байгаагаа харуулсан алхам боллоо" хэмээв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.