Москва дахь Монголтой холбоотой хөшөө, дурсгалууд

Москва дахь Монголтой холбоотой хөшөө, дурсгалууд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Айлчлалынхаа хүрээнд тэрбээр Москва хотод босгосон Монголтой холбоотой хоёр том дурсгал болох “Ялалтад тэмүүлсэн морьд”, “Метрополь” зочид буудлын хананд байрлуулсан жанжин Д.Сүхбаатарын дурсгалын самбарт  хүндэтгэл үзүүлэв.

Жанжин Д.Сүхбаатарын дурсгалын самбар

Москва хотын төвд байрлах “Метрополь” зочид буудал Монголын түүхэн үйл явдалтай холбоотойг гэрчлэх дурсгалын самбарыг төв хаалганы хажуугийн ханандаа байрлуулсан нь жанжин Д.Сүхбаатарын дурсгалын самбар юм.

Дурсгалын самбарт “Энэ байшинд 1921 оны арваннэгдүгээр сард Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс, Монгол Улсын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай хэлэлцээ болж, Монгол Ардын Хувьсгалт Нам, Монгол Ард Улсыг үндэслэгч Д.СҮХБААТАР оролцсон юм” хэмээн сийлсэн байдаг.

Дурсгалын самбарыг 1971 онд түүхт үйл явдлын 50 жилийн ойд зориулж байрлуулж байсан байна.  Улаан гантигаар хийсэн дурсгалыг самбарыг уран барималч Г.А.Огнев, архитектор Г.А.Мурадов нар бүтээжээ.

1921 оноос хойш Монгол Улсаас Дэлхийн II дайны жилүүдэд ЗСБНХУ-д тусламжийн цуваа хүргэсэн төлөөлөгчид 1942 онд Москвад ирэхдээ мөн “Метрополь” зочид буудалд байрлаж байжээ. Түүнээс хойш Монголын үе үеийн төр, засгийн тэргүүнд ОХУ-д айлчлахдаа Москва хотын төв дэх “Метрополь” зочид буудалд тухлах болсон түүхтэй.

Дашрамд дурдахад, Д.Сүхбаатар жанжны нэрээр нэрлэсэн гудамж ОХУ-ын Барнаул, Эрхүү, Улаан-Үд, Элиста хотод бий. Түүнчлэн Владимир хотод байрладаг ОХУ-ын Зэвсэгт хүчний — 44 дүгээр Бердичевын гвардийн танкийн хороог Д.Сүхбаатарын нэрээр нэрлэсэн байдаг байна.

Ялалтад тэмүүлсэн морьд

Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн Монголын ард түмний бэлгийн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн ёслолын арга хэмжээ Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд 2017 оны 5 дугаар 5-ны өдөр болж байжээ.

"Монгол глобал” компанийн санаачилсан энэ хөшөө нь цогц уран бүтээл юм. Уран барималч А.Очирболдын бүтээсэн "Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө нь 11 метр урт, 3 метр өргөн, 2.70 метр өндөртэй, найман тонн жинтэй бөгөөд 1000 жилийн баталгаатай хүрэл цутгамал бүтээл. 

Хөшөө 375 сая төгрөгийн өртгөөр боссон бол тохижилтын ажлын зардал болох 250 мянган ам.долларыг ОХУ-ын Засгийн газар өөрсдөө шийдэж байжээ.

ОХУ-ын холбогдох 43 байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авсны үр дүнд түүхэн ач холбогдолтой хөшөөг Москва хотын “Хүндэтгэлийн дэнж”-д хөшөө сүндэрлэсэн түүхтэй.

“Аугаа Эх Орны дайны үед Улаан армийн таван морь тутмын нэг нь монгол адуу байсан юм. Монгол адуу жижиг боловч их тэсвэр тэвчээртэй, хүчтэй. Фашизмтай тэмцэхэд их хувь нэмэр оруулсан Монголын ард түмэнд бид үргэлж талархаж явах болно” хэмээн С.Миронов “Дайны замаар” хөшөөний нээлтийн үеэр онцолж байв.

Дашрамд дурдахад Дэлхийн II дайнд Монгол Улс хамгийн эхний өдрөөс эхлэн Оросын ард түмэнд морины сайныг шилж хагас сая адууг фашизмтай тэмцэх үйлст хандивлан, дайны хүнд хүчир таван жилийг Оросын ард түмэнтэй хамт туулсан түүхтэй билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.