“Омикрон” хувилбар 106 оронд бүртгэгдээд байна

“Омикрон” хувилбар 106 оронд бүртгэгдээд байна

Дэлхийн хэмжээнд коронавирусний “дельта” хувилбар давамгайлан тархсан хэвээр байгаа ч “омикрон” хувилбарын тохиолдол нэмэгдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гарагт мэдэгдлээ.

“COVID-19”-ийн тархалтын талаарх долоо хоног тутмын шинэ тайланд дурдсанаар, дэлхийн хэмжээнд нарийвчлан шинжилсэн сорьцуудын 96 хувиас “дельта” хувилбар илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос /99.2 хувь/ ялимгүй буурсан үзүүлэлт болсон бол “омикрон” хувилбарын эзлэх хувь өмнөх долоо хоногийнхоос 1.2 хувиар өсөж, 1.6 хувьд хүрчээ.

ДЭМБ-ын мэдээллээр, “омикрон” хувилбар 106 оронд батлагдаад байна.

“Хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд “омикрон” хувилбар “дельта”-гаас хурдан тархдаг болохыг харуулж байгаа бөгөөд коронавирусний халдвар өргөн хүрээг хамран тархсан, вакцинжуулалтын түвшин өндөр орнуудад ч ийм байдал ажиглагдаж байна” гэж тус байгууллага мэдээлжээ. 
Харин шинэ хувилбар өвчтөнүүдийг хүндээр өвчлүүлдэг эсэхийг дүгнэх баримт нотолгоо хангалтгүй байгаа ч Их Британи, Өмнөд Африкт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэх болжээ.

“COVID-19”-ийн өвчлөл энэ эрчээрээ хурдацтай нэмэгдвэл эмнэлгүүдийн ачаалал хэтэрч болзошгүй. Урьдчилсан мэдээллээр вакцинд бүрэн хамрагдсан, “SARS-CoV-2” вирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн бие дэх “омикрон”-ыг саармагжуулах эсрэг биетийн түвшин буурсан байдал ажиглагдсан. Эдгээрээс үзэхэд шинэ хувилбарын учруулж болзошгүй эрсдэл өндөр хэвээр байна” гэж тайланд дурджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.