Бельги улсад цар тахлын хязгаарлалтыг эсэргүүцсэн иргэд дахин жагслаа
Европ тивд цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан улс орны эрх баригчид дотооддоо хэсэгчилсэн хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Үүнийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал ширүүсэх төлөвт шилжсэн байна.
Тодруулбал, ням гарагт Бельгийн нийслэл Брюссель хотод цар тахлын үед засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа шийдвэрийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал гурав дахь удаагаа боллоо. Хэдэн мянган жагсагчид Бельгийн нийслэл хотын төвөөр тайван жагсаж эхэлсэн. Гэвч хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаалын үеэр иргэд, цагдаа нарын эсрэг салют, чулуу зэргийг ашигласан байна.
Үүний улмаас цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, усан буугаар хариу үйлдэл үзүүлж мөргөлдөөн гарсан тухай барууны хэвлэлүүд мэдээлж байна. Бельги улсын Ерөнхий сайд Александр Де Кроо нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх эрүүл мэндийн ажилтнууддаа коронавирусний эсрэг дархлаажуулалтыг заавал хийлгэх шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан.
Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол ажилтны гэрээг түдгэлзүүлж, ажлаас түр чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах тухай шийдвэрлэснийг мэдэгдсэн. Дээрх шийдвэрийг эсэргүүцэж эрүүл мэндийн ажилчид ч мөн жагсаалд оролцжээ. Жагсагчид болон цагдаа нарын хоорондох мөргөлдөөний улмаас 13 хүнийг баривчлан саатуулаад байна гэж тус улсын цагдаа албанаас мэдээлсэн байна.
Брюссель хотод болсон эсэргүүцэл нь Парис, Лондон зэрэг Европын бусад нийслэлд болсон ижил төстэй эсэргүүцлээс нэг өдрийн дараа болж байгаа юм. Үүний зэрэгцээ Брюссельд төвтэй Европын комисс, биотехнологийн Пфайзер компанитай ням гарагт тохиролцоонд хүрчээ. Ингэснээр тус компани 20 сая тун вакциныг Европын холбооны 27 оронд гуравдугаар сар хүртэл нийлүүлэх юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.