АНУ-д “омикрон” хувилбарын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ
АНУ-д коронавирусний “омикрон” хувилбарын халдвар авсны улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай “ABC” телевиз даваа гарагт мэдээлжээ.
Тус телевизээр мэдээлснээр, нас барсан өвчтөн нь 50 орчим насны эрэгтэй бөгөөд Техас муж улсын Харрис тойргийн оршин суугч аж. Уг эрэгтэй вакцинд хамрагдаагүй, эрүүл мэндийн асуудалтай байсан байна.
АНУ-д “омикрон” хувилбар давамгайлах болсон гэж тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв даваа гарагт мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт цуглуулсан мэдээллээр уг хувилбар халдвар авсан хүмүүсийн 73 хувьд нь илэрсэн байна. Зарим бүс нутагт, тодруулбал, зүүн өмнөд болон баруун хойд хэсэгт “омикрон” омгийн халдвар авсан хүмүүсийн эзлэх хувь 90 хувиас давжээ.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д халдвар авсан нийт тохиолдлын тоо 51 саяд хүрч, 807.5 мянган хүн нас баржээ. Үүний зэрэгцээ сүүлийн дөрвөн долоо хоногт 3 сая гаруй хүн халдвар авч, 34.3 мянга гаруй хүн нас барсан байна. Эдгээр үзүүлэлтээр тус улс нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.