БНСУ-д зай барих журмыг дахин сунгана
БНСУ-д коронавирусээр халдварласан хүнд өвчтөнүүдийн тоог бууруулж, “омикрон” хувилбарыг хяналтад авахын тулд зай барих журмыг ирэх нэгдүгээр сарын дунд үе хүртэл дахин хоёр долоо хоногоор сунгана гэж тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм өнөө өглөө мэдэгдлээ.
“Бид өнөө цагт нүүрлээд буй хямралыг даван туулсан гэж үзэхэд хэтэрхий эрт байна. Хүндээр өвчилсөн олон өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нас барсан тохиолдлын тоо нэмэгдсээр байна” гэж Ким Бу Кюм “COVID-19”-тэй тэмцэх асуудлаарх уулзалтын үеэр цохон тэмдэглэжээ.
Засгийн газар “COVID-19” халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэх болсонтой холбогдуулан зай барих хатуу журмыг 12 дугаар сарын 18-наас дахин мөрдөж эхэлсэн юм. Ингэснээр орон даяар хувийн уулзалтад оролцох хүмүүсийн тоог дөрвөөр хязгаарлаж, олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд 21 цаг хүртэл ажиллах болсон юм.
Эдгээр хязгаарлалтыг энэ ням гараг хүртэл мөрдөх байсан боловч өнөөдөр гаргасан шийдвэрийн дагуу ийнхүү нэгдүгээр сарын 16 хүртэл сунгаж байна. Мөн их дэлгүүрүүд болон хямдралтай худалдаа явуулдаг сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэгчид вакцинд хамрагдсан юм уу “PCR” шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах шаардлагатай болжээ.
Ким Бу Кюм халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг чангатгаж, нэмэлт тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлсний дараа өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо буурах хандлага ажиглагдаж, халдварын нөхцөл байдал сайжирч байгааг онцлон хэлсэн байна.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 4875 тохиолдол шинээр илэрсэн нь 12 дугаар сарын 15-нд хамгийн олон буюу 7850 хүнээс халдвар илэрсэнтэй харьцуулахад огцом буурсан үзүүлэлт юм. Гэвч Ерөнхий сайд хүнд өвчтөнүүд болон нас барсан тохиолдлын тоо өдөрт тус бүр 1000, 100 гаруйгаар нэмэгдсээр байгааг анхааруулжээ.
“Халдварын нөхцөл байдал хоёр долоо хоногийн дараачаас тогтворжвол Засгийн газар хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулах асуудлыг хэлэлцэнэ” гэж Ким Бу Кюм мэдэгджээ. БНСУ-ын өнөөдрийн байдлаар “омикрон” хувилбарын 894 тохиолдол батлагдаад байгаа нь өмнөх өдрийнхөөс 269-өөр нэмэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.