БНСУ, Япон, АНУ-ын Батлан хамгаалахын сайд нар уулзаж магадгүй
Япон, АНУ, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтыг ирэх нэгдүгээр сарын дундуур Хавайд зохион байгуулахаар төлөвлөж байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Энэхүү уулзалтад Японы Батлан хамгаалахын сайд Киши Нобүо, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Со Ук нар оролцох юм.
Талууд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс хэрхэн ангижруулах хийгээд НҮБ-ын тогтоолуудыг зөрчин баллистик пуужин туршихыг нь зогсоох талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, коронавирусний “омикрон” хувилбар тархаад байгаатай холбоотойгоор уулзалтыг биечилсэн хэлбэрээр зохион байгуулах эсэхийг хараахан шийдээгүй байгаа ажээ.
Япон, АНУ нэгдүгээр сарын 7-нд Вашингтон хотноо Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нарын уулзалтыг хийхээр товлож байсан боловч шинэ хувилбарын тархалтын улмаас “2+2” хэлбэрийн тус уулзалтыг цахимаар хийх төлөвтэй байна.
Л.Остин, С.Ук нар энэ сарын эхээр Сөүл хотноо уулзаж, БНАСАУ-ын цөмийн, пуужингийн хөтөлбөрүүдэд ямар хариу үзүүлэх талаар хэлэлцжээ. Талууд бүс нутгийн тогтвортой байдалд БНСУ, АНУ, Японы гурван талт аюулгүй байдлын хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтой хэвээр байгаад санал нэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.