МОНЦАМЭ агентлагийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүлэв
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.12.31) болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Айл өрхийн эрчим хүчний төлбөрийг 2022 оны зургадугаар сар хүртэл төрөөс хариуцна
Орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна. Үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн төслүүдээс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
Замын-Үүд дэх дундын бүсээс тээвэр логистикийн талбай хүртэл богино тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна
Коронавируст халдварын хариу арга хэмжээг эрчимжүүлэх, “Омикрон” хувилбараас урьчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, Монгол Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн автозамын боомтын улсын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүд дэх гаалийн хяналтын талбай хүртлэх чингэлэг тээвэрлэлтийн үйл ажиллагаа, үнийн өсөлтийг тогтворжуулах хүрээнд нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах нийт 8.6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
Замын-Үүд дэх дундын бүсээс тээвэр логистикийн талбай хүртэл богино тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, түүнд шаардагдах зарим санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.
Залуу уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно
Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Найрсаг, Н.Саруул, Э.Энх-Ундрал нарт тус бүр 19 сая, хоёрдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Б.Аялгуу, Ж.Танан, Б.Хатунгаа, А.Мандалноров нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Э.Есүй, Ө.Оюу, Э.Энхлүүн нарт тус бүр есөн сая төгрөг олгоно.
Мөн Бүгд Найрамдах Чех улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Есүйд есөн сая төгрөг олгохоор шийдвэрлэв.
Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналыг Соёлын сайдын төсвийн багцаас гаргана.
Товч мэдээ:
- Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүллээ.
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.