Хүйтний эрч эрс чангарах тул автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхаарууллаа
Энэ сарын 1-2-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 425 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 313 мэдээлэл хүлээн авчээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 9 нь нийслэлд, 5 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй гэж мэдээллээ.
Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 108, орон нутагт 60, нийт 168 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.
Түүнчлэн согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хариуцлагаар үлгэрлэе" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “Don’t drink and drive” буюу “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлжээ. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг өмнөх 7 хоногийн амралтын өдрийн нөхцөл байдалтай харьцуулахад 18.8 хувиар буурсан байна.
Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байх тул иргэд, жолооч нарыг хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.