БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дэмжигчдийн түвшин ойролцоо хэвээр байна
БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигч Ли Жэ Мён болон түүний гол өрсөлдөгч Юн Сок Ёл нарын дэмжигчдийн түвшин 33, 32.5 хувийн үзүүлэлттэйгээр тун ойролцоо хэвээр байгааг ням гарагт танилцуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Энэхүү дүнг нэгдүгээр сарын 21-22-нд явуулсан санал асуулгын дүнтэй харьцуулахад Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мёны дэмжигчдийн түвшин нэг хувиар буурсан бол Иргэний хүч намын нэр дэвшигч Юн Сок Ёлынх хэвээр байжээ. Баасан, бямба гарагт явуулсан санал асуулгад насанд хүрсэн 1002 хүн оролцсон байна.
Мөн Ардын намын нэр дэвшигч Ан Чёл Суг санал асуулгад оролцогчдын 9.4 хувь нь, Шударга ёс намын нэр дэвшигч Сим Сан Жоныг 2.5 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Санал асуулгад оролцогчдоос ирэх гуравдугаар сарын 9-ний өдөр болох сонгуульд ялах магадлал хамгийн өндөр нэр дэвшигчийг сонгохыг хүсэхэд 39.1 хувь нь Ли Жэ Мёныг, 39.5 хувь нь Юн Сок Ёлыг сонгосон байна.
Нэр дэвшигчдийн телевизийн халз мэтгэлцээний тухайд, санал асуулгад оролцогчдын 75.6 хувь нь хэнд саналаа өгөхийг шийдвэрлэх хамгийн чухал хүчин зүйл хэмээн нэрлэснээс гадна 46.6 хувь заавал үзнэ гэж хариулсан бол 40.5 хувь нь боломжтой тохиолдолд үзнэ гэж хэлжээ.
Харин “Hankook Research” судалгааны төвөөс пүрэв гаргаас бямба гаргийн хооронд насанд хүрсэн 1000 хүний дунд явуулсан санал асуулгаар Юн Сок Ёлын дэмжигчдийн түвшин 37.8 хувьтай байсан нь Ли Жэ Мёныхоос /33.2 хувь/ илүү байжээ. Тийнхүү оролцогчдоос сонгуульд ялах магадлал өндөр нэр дэвшигчийн талаар тодруулахад, 46.1 хувь нь Юн Сок Ёлыг, 39.8 хувь нь Ли Жэ Мёныг нэрлэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.