БНСУ бүс нутгийн эдийн засгийн түншлэлд нэгдлээ
Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр БНСУ-д хүчин төгөлдөр боллоо гэж тус улсын Засгийн газар мэдээлжээ.
Энэхүү хэлэлцээрт нэгдсэнээр БНСУ зөвхөн автомашин, металлурги зэрэг гол салбаруудад төдийгүй цахим тоглоом, видео, аудио бүтээгдэхүүн зэрэг үйлчилгээний салбарт шинэ зах зээлд нэвтрэх боломжтой болж байна гэж тус улсын Засгийн газар онцлон тэмдэглэжээ. "Эдийн засаг нь экспортод голчлон тулгуурладаг БНСУ-ын хувьд энэ нь зах зээлийг ихээхэн төрөлжүүлнэ гэсэн үг юм" гэж мэдээлэлд дурдсан байна.
БНСУ-ын Засгийн газар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, дээрх хэлэлцээрийг саадгүй хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг өмнө нь хийж дуусгасан байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 2-нд уг хэлэлцээрийг тус улсын парламент соёрхон баталжээ.
2020 оны 11 дүгээр сарын 15-нд болсон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны (АСЕАН) дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ болон бусад 14 орон “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр"-ийг байгуулахаар тохиролцжээ. Худалдааны энэхүү хэлэлцээрт дэлхийн ДНБ-ий гуравны нэгийг бүрдүүлдэг Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам, БНСУ, Австрали, Хятад, Япон, Шинэ Зеланд гэсэн 15 улс оролцож байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.