“Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор”-ын хилийн заагт өөрчлөлт орууллаа
НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Хамбын овооны “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор”-ын түүх, соёлын дурсгалт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтын хилийн заагийг 8.74 га болгон багасгажээ.
СХД-ийн 30, 39-р хорооны нутаг дэвсгэр дэх Хамбын овооны орчмын 16.97 га газрыг “Монголын уламжлалт урлах ухаан соёлын төв”-д хариуцуулах НИТХ-ын тэргүүлэгчдийн 2004 оны 96 дугаар тогтоол гарчээ. Энэ дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 141 дүгээр тогтоолоор Хамбын овооны “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор” орчмын 16.39 га газрыг түүх, соёлын дурсгалт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна. Гэтэл орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газарт таних тэмдэг, тэмдэглэгээ байршуулаагүй, хил заагийн дагуу хашаа, хайс барьж хамгаалаагүйн улмаас 2011 оноос хойш иргэд зөвшөөрөлгүйгээр суурьшиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 47 өрхийн 18 барилга, байшин барин амьдарч байна.
Эдгээр иргэд газар эзэмших хүсэлтээ харъяа дүүргийн газрын алба болон шат шатны байгууллагуудад удаа дараа хандаж гаргасан боловч орон нутгийн тусгай хамгаалалтын бүс нутагт амьдарч байгаа учраас албан ёсны зөвшөөрөл олгогдохгүй, үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэж чадахгүй байсан юм. Харин хилийн заагт өөрчлөлт оруулснаар иргэд газар эзэмших эрхтэй болж, олон жил яригдаж хүлээгдсэн асуудал ийнхүү шийдэгдлээ. “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор газар”-т дүүрэг болон нийслэлээс хаяг тэмдэглэгээ, тохижилт үйлчилгээг хийхийг үүрэг болголоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.