Барилгын том оврын ачааг төмөр замаар тээвэрлэж байна

Барилгын том оврын ачааг төмөр замаар тээвэрлэж байна

БНХАУ-ын хилийн Эрээн өртөөнд хуримтлагдаад буй барилгын материал бүхий ачааг манай улс воганаар татан авч байна. Өчигдөр тус өртөөнөөс 45 воган импортын бараа орж ирлээ. Энд барилгын хавтан, нарийн төмөр, арматур, ууттай ачаанууд, бусад материал багтжээ.

Манай улс Замын-Үүд боомтоор импортын ачаа барааг чингэлэг тээврээр татан авч байгаа. Харин чингэлэгт багтахгүй барилгын овор ихтэй материал, тоног төхөөрөмж, бүтээц, төмөр хийцийн материал хил дээр гацаад байсан юм. Дээрх төрлийн ачаа барааг задгай болон опен топ тэвштэй воганаар татан авах хүсэлтийг манай улсын тал ГХЯ-ны шугамаар нот бичиг явуулах болон Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах Ажлын хэсгээс удаа дараа хурал зохион байгуулж тавьж илэрхийлж ирсэн.

Тодруулбал, манай улсын тал дээрх асуудлыг БНХАУ-ын Бээжин хотын болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын төмөр замын байгууллагад тавихад хорио цээрийн дэглэмийг сулруулаагүй байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Эрээн хотод ажиллах хүч дутагдаж байна гэсэн хариуг өгч байв. Тэгвэл манай талын хүсэлтийг хүлээн авч өнгөрсөн ням гарагт Эрээн өртөөнөөс ийнхүү 45 воган ачаа орж ирээд байна.

Одоо манай улсаас Замын-Үүдийн логистикийн төв дээр ачаагаа буулгаад урагшаа хоосон гарч буй БНХАУ-ын воганд Монголоос экспортын барааг гаргаж байх хүсэлтийг мөн албан ёсоор тавьжээ. Энэ талаар БНХАУ-ын талаас хариу ирүүлээгүй учир энэ үйл ажиллагаа одоогоор эхлээгүй байгаа талаар УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт зохион байгуулалтын албанаас мэдээлж байна. 

Ташрамд мэдээлэхэд, манай улс бүтээн байгуулалтттай холбоотойгоор барилгын материалын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар анхааран ажиллаж байна. Энэ талаар ЗТХЯ, БХБЯ хамтарсан уулзалт хийж, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар барилгын материал импортлогч нарын төлөөллийг хүлээн авч уулзан барилгын материалын ханган нийлүүлэлт, нөөц бүрдүүлэх, үнийн өсөлтийг бууруулах боломжийн талаар санал солилцсон.

Улмаар БХБ-ын сайдын энэ оны 19 дүгээр тушаалаар 2022 оны бүтээн байгуулалтад шаардагдах барилгын материалын үйлдвэрлэл, импортод тулгамдаж буй асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж байх үүрэг бүхий байнгын ажиллагаатай ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм. 

Сар бүр нэн түрүүнд шаардлагатай барилгын материалыг төмөр замаар тээвэрлэх чиглэлээр барилгын материал импортлогч ААН-үүдийн санал хүсэлтийг эрэмбэлэн нэгтгэж, ГХЯ, ЗТХЯ-тай хамтран ажиллаж байна. Үр дүнд энэ оны эхний сард 105 вагоны тээвэрлэлтийг шийдвэрлэжээ. Барилгын материалын тээвэрлэлт, ханган нийлүүлэлт дээр БХБЯ УБТЗ-аас хамаарах тээвэр, вагон тээврийн зохицуулалт зэрэг бүхий л үйл ажиллагаан дээр хамтран дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.