Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурал хуралдав
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн энэ оны нэгдүгээр улирлын ээлжит бус хурал боллоо.
Хуралдаанаар “ОХУ, Украйны цэргийн ажиллагааны манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө”-ний талаар Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбаяр, “Монгол Улсын эдийн засгийн төлөв, зарим арга хэмжээний санал”-ыг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, “Дэлхийн бусад улсаас ОХУ-ын эсрэг авсан төлбөр тооцооны хориг арга хэмжээ”-ний талаар Монголбанкны Төлбөрийн тооцооны газрын захирал Э.Анар танилцуулав.
Цаашид хэрэгжүүлэх бодлогын үйл ажиллагааг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, холбогдох мэдээллийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэхээр шийджээ.
Түүнчлэн, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс эдийн засгийн төлөв, гадаад орчинд үүсэж буй эрсдэлтэй уялдуулан макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд холбогдох бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулахаар тогтсоныг төв банк мэдээллээ.
Хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон мэргэжилтнүүд оролцов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.