Монголын эдийн засгийн форум-2022”-ын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 21-29-нд болно
"Монголын эдийн засгийн форум" ТББ-ын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.
Тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлдэг юм. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн форум-2022” ирэх сарын 7-8-нд болно. Энэ удаад Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна. "Шинэ сэргэлтийн бодлого" нь төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварт цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
“Монголын эдийн засгийн форум” чуулга уулзалтаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх хэлэлцүүлгийг өрнүүлдэг уламжлалтай. Чуулга уулзалтыг угтаж энэ сарын 21-29-нд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилтын талаар урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулна. Урьдчилсан хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан салбарын яамд зохион байгуулна. Эндээс гарсан санал, зөвлөмжийг дөрөвдүгээр сарын 7-8-нд болох “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын үеэр мөн хэлэлцэх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.