Хот байгуулалтын чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллана

Хот байгуулалтын чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллана

Дэлхийн хот байгуулалтын форум энэ оны 6 дугаар сарын 30-нд болно. Үүнд манай улс оролцохоос гадна Азийн архитекторуудын Их хурлыг 9 дүгээр сарын 4-6-нд эх орондоо зохион байгуулахаар болжээ. Үүний өмнө манай улс хот байгуулалтын чиглэлээр гадаадын улс орнуудын туршлага, ололтыг судалж байна. Тодруулбал, хот байгуулалтын зураг төслийн чиглэлээр Япон, БНСУ-ын туршлагаас судлах ажлын хэсгийг БХБЯ-нд байгуулан, эхний ээлжинд БНСУ-д БХБ-ын дэд сайд Э.Золбоо тэргүүтэй төлөөлөгчид ажиллаад ирэв.

Айлчлалын хүрээнд ажлын хэсгийн төлөөлөгчид Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, төвлөрлийг сааруулах чиглэлийн туршлага судлах, хамтран ажиллах, 5000 айлын “Солонго-1,2” орон сууцны хорооллын төслийн явцыг түргэтгэх яриа хэлэлцээр, уулзалтыг 12 удаа хийж барилгын “Самоо” түншлэл, Сэжон хот зэрэг БНСУ-ын талтай хамтран ажиллахаар боллоо.

Хот төлөвлөлтийн зураг төслийг хийхдээ ус, дулаан, цахилгаан инженерийн байгууламж, зам харилцаа, барилга, дэд бүтэц, ногоон байгууламж зэргийг цогцоор нь хийх шаардлагатай байдаг. Манайд ингэж цогц төлөвлөх мэргэжлийн баг, боловсон хүчний чадавх сул байгааг БХБ-ын сайд С.Мөнхбаатар хэлж байна. Тиймээс гадны туршлагыг судалж, хот байгуулалтын талаар дэлхийн архитектурын шилдэг компаниудад хандаж эхэлснийг тодотголоо. Өнөөдрийн байдлаар хот байгуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй, хамгийн ойрын жишээ БНСУ, Япон улсын төр, захиргааны байгууллагынхантай ийнхүү уулзаж эхлээд байна. 

Хот байгуулалт нь газар төлөвлөлтөөс эхэлж, дараагаар нь инженерийн эх үүсвэрийг тооцоолон улмаар хот, дүүргийг чөлөөт бүсийн, тээвэр ложистикийн, электроникийн гэх мэтээр ажлын байраар нь төрөлжүүлэн төлөвлөн хөгжүүлж буй туршлагыг судалж мөн энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг урьж ажиллуулахаар болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.