Олон улсын инээдмийн баярын өдрийн мэнд хүргэе !!!

Олон улсын инээдмийн баярын өдрийн мэнд хүргэе !!!

Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр. Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүсэл гарлын тухай авч үзвэл Григорийн он тооллын дараахнаас туйлдаж ядарч зовсон ард түмнийг хөгжөөх зорилгоор инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж ирсэн гэх нь бий. Тэгвэл Европын орнуудад 17 дугаар зууны үед үүссэн гэж үздэг. Францын хаан энэ өдөр болдог шинэ жилийн баярыг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэж байхыг зарлигдсан. Үүнийг эсэргүүцэгчид дөрөвдүгээр сарын 1-нд тэмдэглэлт баяраа хийсээр байж. Гэхдээ нэгэнт эрх баригчдаас баярыг эл өдөр тэмдэглэхийг болиулсан тул зарим хүмүүс тоглоом тохуу болгон нэгнээ хуурч байснаас үүссэн гэдэг.

Гэвч зарим улс оронд өөр нэгэн түүхийг хүүрнэх нь бий. 1539 онд Фламандын ордны нэгэн түшмэл өөрийнхөө зарцад даажигнасан үүрэг өгсөн тухай дурдсан байдаг. 1686 онд Жон Обри "Fools Holiday" буюу "Тэнэгүүдийн баяр"-ын талаар дурдан бичсэн нь уг баярын талаарх хамгийн анхны баримт болдог. Уг баяр Францаар: poisson d' avril, Англиар: april-fool, Германаар: Aprilnarr, Шотландаар: gowk хэмээн янз бүрээр нэрлэгдэн тэмдэглэх болсон ч үндсэн агуулга нь ижил байжээ. Уг баярыг нэг хэсэг судлаачид "Пасхи" буюу улаан өндөгний баяраар хүмүүс бие биенээ хөгжөөх зорилгоор, нөгөө хэсэг нь Эртний Кельтчүүдийн хаврын баяраас үүдэлтэйгээр үүссэн хэмээн үздэг байна.

Мөн энэ өдөр хүн бүхэн дүүрэн инээдтэй уулзалдах бөгөөд хүн инээлгэм алиа хошин зүйл ярьсан байх ёстой аж. Хэн нэгнийг хуураагүй хүн байвал шийтгэл хүлээдэг байсан гэнэ.

Харин Европын ихэнх оронд "Тэнэгүүдийн өдөр" гэдэг. Энэ нь бие биенээ хуурч мэхлэх ба мэхлэгдсэн нэг нь тэнэгийн тоонд ордог байна. Америк болон Их Британид XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж иржээ. Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурханыг залж байсан түүхтэй. Харин германчууд хамгийн азгүй өдөр гэдэг. Учир нь ард түмний алдарт их хүү Иуда Маккавей энэ өдөр нас баржээ. Гэсэн хэдий ч баярын өдрийг нь бэлгэшээж, азгүй инээдгүй өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Хамгийн ойлгомжтойгоор тайлбарлахад, "Дөрөвдүгээр сарын нэгэн" бол хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг амралтын өдөрт зориулсан баяр аж. Орчин үед хүмүүс уламжлалын дагуу энэ өдрийг өглөөнөөс орой хүртэл онигооноос сэдэвлэсэн аргаар хуурах, хуурамч даалгавар өгөх зэргээр тэмдэглэн бие биенээ хөгжөөдөг байна. Сүүлийн үед энэ өдрөөр хүмүүс зохион байгуулалттай худал мэдээллийг хэвлэлээр тараан хөгжилддөг болжээ.


Уншигч та бүхэнд энэ өдөр дэлхийн хэвлэл мэдээлэлд гарч байсан хамгийн инээдэмтэй мэдээллүүдээс сонирхуулъя.

- 1860 оны энэ өдөр Лондон хотод хэвлэгдэн гардаг нэгэн сонин, хүмүүсийг хэрхэн хуурсан тухай өнөөдрийг хүртэл дурсан ярьдаг. “Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 11 цагт Тауэрт болдог цагаан арсланг угаах ёслолд ноёд, хатагтай нарыг оролцохыг урьж байна” гэсэн зар гаргажээ. Түүний дагуу 11 цагт Тауэрт бөөн хүн цугларсан гэдэг.

- 1994 онд Америкийн “National Public Radio” чихэн дээрээ “Pepsi” гэсэн шивээс хийлгэсэн хүн амьдралынхаа турш тус компанийн бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй худалдан авах болно хэмээн мэдээлжээ. Тэр өдрийн турш чихэндээ шивээс хийлгэсэн залуус шагналаа авъя хэмээн утас цохисон гэдэг.

- 1999 онд “Phoenix New Times” сонин ядуучуудад зориулсан шинэ сан байгуулсан тухай бичээд орон гэргүй хүмүүст зориулан байр барих хандивын мөнгө, хувцас, хоол хүнс цуглуулж байгаа гэжээ. Төгсөлд нь тэднийг зэвсгээр хангахад нь туслахыг хүссэн байна. “Associated Press” агентлаг энэ мэдээг нийтэлж Америк даяар цацжээ. Түүнийг уншсан хүмүүс дансаар мөнгө шилжүүлсэн гэнэ.

- “Irish Times” хэмээх сонин Лениний шарилыг худалдан авах тухай Орос, Францын хариуцлагатай ажилтнууд хэлэлцээ хийж байгааг уншигчдынхаа сонорт хүргэжээ. Лениний цогцсыг Парис хотын Диснейлэндэд тавих гэж байгаа тухай уншсан хүмүүс гомдол мэдүүлсэн байна.

- Францын “Le Paridien” coнин 1986 онд Засгийн газар Эйфелийн цамхагийг буулгаж Диснейлэндэд аваачиж дахин барина хэмээн уншигчдаа хуурчээ. Цамхаг байсан газар нь 1992 оныг Олимпийн тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнг барина гэдгийг уншсан хүмүүс Засгийн газартаа гомдол гаргасан байна.

- Монголчууд ч бас зүгээр байсангүй. “Монголын залуучууд” сонины нэгэн дугаарт “Монголд анх удаа Алмас барилаа” гарчигтай өгүүллэг нийтэлж төгсгөлд нь “4 сарын 1” гэсэн байлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.