737 иргэн хөнгөлөлт эдэлнэ

737 иргэн хөнгөлөлт эдэлнэ

Дундговь аймгийн хэмжээнд хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу орон сууц худалдан авсан болоод оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх 737 иргэн бүртгүүлжээ.

2019 оны татварын тайлангаар орлого чөлөөлүүлэх хөнгөлөлт үзүүлэх дээрх иргэдэд  312,3 сая төгрөг буцаан олгох аж.

Өнгөрсөн онд 929 иргэнд 378,1 сая төгрөг буцаан олгож байсан бол энэ жилийн хувьд энэ тоо харьцангуй буурсан байна.

Ингэж буурсан нь Татварын багц хуулинд өөрчлөлт орсонтой холбоотой хэмээн аймгийн Татварын хэлтсийн дарга М.Туяацэцэг тодрууллаа.

Тус аймгийн хувьд НӨАТ-ын хуулийн хэрэгжилт тааруу, худалдаа, үйлчилгээ эрхлэгч зарим аж ахуйн нэгж, иргэд үйлчлүүлэгчиддээ НӨАТ-ын баримт хэвлэж өгдөггүй. Аймгийн Татварын хэлтсээс тэдгээр бизнес эрхлэгчдэд удаа дараа шаардлага тавьж байгаа боловч, хүлээж авдаггүй аж. 

Энэ талаар Татварын хэлтсийн дарга М.Туяацэцэг "тэдний энэ үйлдэл нь хуулийн талаар мэдлэггүй байгаатай холбоотой" гэлээ. 

Тиймээс аймгийн Татварын хэлтсээс улс орон даяар тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсны дараа худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд сургалтууд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

НӨАТ-ын буцаан олголтыг жилээр нь олгодог байсан бол энэ жилээс улирал тутам олгох шийдвэр гарсан тул иргэд дөрөвдүгээр сарын найман хүртэл “и-баримт”-аа бүртгэх ёстойг тэрээр мөн анхааруулсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.