БНСУ-ын Samsung компани “Galaxy A” загварын гар утаснуудаа танилцуулжээ.
БНСУ-ын “Samsung Electronics” компани өндөр үзүүлэлтүүд бүхий боломжийн үнэтэй гар утас хайж буй хэрэглэгчдэдээ зориулан “Galaxy A” загварын шинэ, хямд ухаалаг гар утаснуудаа пүрэв гарагт танилцуулжээ.
Тодруулбал, шинээр танилцуулсан “Galaxy A53”, “A33” гар утаснууд нь “5G” сүлжээ дэмждэг, шинэ 5нм процессор, шөнийн болон хөрөг зургийн горим бүхий хиймэл оюун ухаант камер, 6.5 болон 6.4 инчийн супер “AMOLED” дэлгэцтэй юм. Мөн аль аль нь хоёр хоног цэнэгээ барьдаг, ойролцоогоор нэг цагийн дотор бүрэн цэнэглэгддэг байна.
“Гар утасны дэвшилтэт технологийн эерэг нөлөөг мэдрэх боломжийг хүн бүхэн хүртэх ёстой. “Galaxy A” цувралыг гаргаснаар бид “Galaxy”-гийн дэвшилтэт, шинэлэг технологийг ашиглах боломжийг улам бүр хялбаршуулж байна” гэж “Samsung” компанийн Гар утасны бизнес хариуцсан захирал Ро Тэ Мун цахим үйл ажиллагааны үеэр хэлжээ.
“Galaxy A53” нь 599 500 воны /494 ам.доллар/ үнэтэй, хөх, хар, цагаан гэсэн гурван өнгийн сонголттой бөгөөд сонгогдсон зах зээлд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс худалдаалагдаж эхэлнэ. БНСУ-д урьдчилсан захиалга баасан гаргаас ирэх пүрэв гараг хүртэл үргэлжилнэ.
“Galaxy A33”-ыг Европын зарим оронд 369 ам.доллароор, дөрөвдүгээр сарын 22-ноос худалдаална. Харин Солонгосын зах зээлд хэзээнээс, ямар үнээр худалдаалахыг хараахан танилцуулаагүй байна. “Galaxy A73” 5G гар утасны хувьд мөн дөрөвдүгээр сарын 22-ноос зарим зах зээлд худалдаалагдаж эхэлнэ.
Энэ сарын эхээр “Apple” компани 2022 оны хамгийн анхны шинэ бүтээгдэхүүн танилцуулах үйл ажиллагаагаа зохион байгуулж, “Galaxy A” цувралтай дүйцэхүйц “iPhone SE” гар утасны шинэ үеийн хувилбараа танилцуулсан юм. Шинэ “iPhone SE”-гийн үнэ 429 ам.доллароос эхэлж байгаа нь өмнөх загварынхаас бага зэрэг үнэтэй бөгөөд 4.7 инчийн дэлгэцтэй, “iPhone 11” гар утаснуудад суурилуулсантай ижил “A13” чиптэй байна.
Дэлхийн ухаалаг гар утасны хамгийн том үйлдвэрлэгч “Samsung” нь “Galaxy A72”, “A52” гар утаснуудаа өнгөрсөн оны гуравдугаар сард танилцуулж, ийм цувралын гар утсандаа анх удаагаа бүтээгдэхүүн танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулсан юм. Боломжийн үнэтэй гар утасны зах зээлд ширүүсэж буй өрсөлдөөн, сорилтыг харгалзан бүтээсэн “A” цуврал гар утаснууд нь үнийг анхааран авч үздэг хэрэглэгчдийн дунд нэртэй болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.